Юань ам.долларын эсрэг 6 хувиар суларсан бол төгрөг нэг хувиар суларчээ

Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2674 төгрөгтэй тэнцэж байна. Энэ оны хоёрдугаар сараас хойш ам.долларын үнэ тасралтгүй өссөөр байна. Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Энэ онд юан ам.долларын эсрэг 6 хувиар суларсан бол төгрөг 1 хувиар суларсан. Олон орны мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг суларсан. Харин төгрөг цаашид чангарах төлөвтэй байна. Учир нь импорт өнгөрсөн оныхоос буурсан” гэв.

Манай гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оноос ашигтай гарсаар байна. Гэвч үйлчилгээний тэнцэл, анхдагч орлогын урсгал данс алдагдал хүлээсэн хэвээр байгааг Төв банкнаас мэдээлэв.

Хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилтийн тухайд энэ онд нийт 700 орчим сая ам.долларын гадаад зээл хүлээн авах төлөвлөгөөтэй. Өнгөрсөн долдугаар сард Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл хуралдан, манай улсад 100 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргасан юм. УИХ зээлийн гэрээг соёрхон баталснаар зээл хүлээн авах боломжтой болно.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Японы Засгийн газраас 850, БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын зээлийг тус тус авах ерөнхий хэлэлцээнд хүрсэн юм. Гэвч өнөөг хүртэл зээлийн шугамыг нээгээгүй, Шинэ нисэх буудлын менежментийн баг тодорсны дараа Японы Засгийн газраас олгох зээлийн хэлэлцээрийг байгуулахаар хойшлуулаад байв.  

Тэгвэл “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-г Концессийн гэрээний дагуу долдугаар сард байгуулсан. Монголын тал тус компанийн 49, Японы консорциум 51 хувийг тус тус эзэмшинэ. Менежмент шилжүүлэх концессын гэрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такаяо нар гарын үсэг зурсан. Тэгэхээр Японы ЖАЙКА байгууллагаас олгох зээлийг удахгүй авах хүлээлттэй байна.

Гадаад валютын орох урсгал ам.долларын ханшид мөн чухал нөлөө үзүүлдэг. Уул уурхайн салбарын буюу Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж байгаа юм.