Экспортын уналт төсөвт тодотгол дуудна

  • Аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээснээр татварын орлого буурна 
  • АНУ, Хятадын хооронд жил дамнан үргэлжилсэн худалдааны маргаан намжсан ч коронавирус ээлжит сорилт болж байна

Нүүрсний экспорт хүндэрч магадгүй байна. Дэлхий нийтийг түгшээх болсон шинэ төрлийн вирусийн нөлөөгөөр таваарын зах зээл дэх огцом савлагаа, цочир өөрчлөлт өрнөж буй энэ өдрүүдэд төсвийн орлогын гол найдвар болсон нүүрсний экспорт буурчээ. Өмнөд хөршийн нүүрсний татан авалт өнгөрсөн сард эрс буурч, нүүрсний гол боомтууд сул зогсолт хийхэд тун ойрхон байна. Зарим компани ажилчдаа ирэх сар хүртэл цалинтай амрааж, үйл ажиллагаагаа түр зогсоосноо зарласан.

Үүнтэй хамт нүүрсний уурхайнуудад туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчээр ажиллаж байсан компаниуд ажилгүй, орлогогүй болж байна. Гашуунсухайт-­Ганцмод боомтоор гэхэд өдөрт 100 хүрэхгүй шахам автомашин нүүрс гаргаж байгааг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл нөхцөл байдал энэ сар гарснаас хойш дорвитой өөрчлөгдсөнгүй. Компаниудын 2020 оны экспортын төлөвлөгөө биелэх боломжгүй болж байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, нэгдүгээр сард экспорт 459 сая ам.доллар болж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар агшжээ. Гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдал “үйлдвэрлэсэн” байна. Хамгийн сүүлд буюу 2015 оны есдүгээр сар болон 11 сард манай улсын гадаад худалдаа алдагдалтай гарч байв. Өнгөрсөн дөрвөн жилийн туршид гадаад худалдааны тэнцэл ашигтай байсныг эдийн засагч Н.Энхбаяр дурдсан юм. 

Монгол Улс 1.4 их наяд төгрөг зөвхөн нүүрсний экспортоос 2020 онд олохоор шийдсэн. Энэ нь биет хэмжээгээр 42 сая тонн бөгөөд хамгийн багадаа тонн тутмыг нь 75 ам.доллараар тооцсон билээ. Тэгвэл уул уурхайн салбарын орлогын талыг нь бүрдүүлэх учиртай нүүрсний экспорт багассан нь төсөвт тодотгол хийхэд хүргэж болзошгүй байна. Энэ оны төсвийн орлого 11.7 их наяд төгрөг бөгөөд зарлага нь 13.8 их наяд.

Төсвийн алдагдал ДНБ-­ий таван хувьтай тэнцэж байна. Алдагдлын хэмжээ нь хоёр их наяд төгрөг. Татвар болон гаалиас гадна газрын бүртгэлийн шинэчлэл хийснээр төсвийн орлого бүрдүүлэхээр байгаа. Хэдий тийм боловч өмнөд хөршийн нүүрсний татан авалт хумигдаж, нэг автомашиныг ариутгахад хамгийн багадаа 20 орчим минут зарцуулж байгаа зэргээс шалтгаалж нүүрсний экспорт энэ оны эхний улиралд буурахаар байна. Хэрэв нүүрсний экспорт танагдсаар байвал гаалийн шинэчлэлийг бүрэн гүйцэд хийх боломжгүй болох юм.

Тэрчлэн экспортын 85 хувийг дангаар бүрдүүлж буй эрдэс бүтээгдэхүүний зах зээл эмзэг хэвээр байна. Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлт саардаг зүй тогтолтой. Эдийн засгийн идэвхжил саарснаар аж ахуйн нэгжүүдийн орлого буурч, үйлчилгээний салбар хаалгаа барихад хүрдэг. 

Хэрэв одоогийн эмзэг байдал цаашид улам даамжирсаар байвал татварын орлого нэмэгдэх эсэх нь бүрхэг болно гэсэн үг. Цаашлаад 42 сая тонн экспорт цаасан дээр л үлдэж, улсын орлого тасрах нь. АНУ, Хятадын хооронд жил дамнан үргэлжилсэн худалдааны маргаан намжсан ч коронавирус ээлжит сорилт болж байна.