ШИ ЖИНЬПИНИЙ МӨРӨӨДЛИЙГ КОРОНАВИРУС ЗОГСООХГҮЙ

Ши Жиньпиний мөрөөдлийг коронавирус зогсоохгүй

Хятад улсын эдийн засгийн гуравны хоёр нь үхлийн аюулт халдварт өвчний улмаас хаалттай горимд шилжсэн ч стратегийн чухал үйлдвэрүүд хэвийн ажиллаж байна. Коронавирусийн халдвар дийлдэшгүй мэт санагдаж, өдөр бүр шинээр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Хятадын Засгийн газар даалгавар болгосны дагуу 20 гаруй муж Цагаан сарын амралтаа ирэх долоо хоногийг хүртэл сунгаж, халдвар тархахаас сэрэмжилжээ. Хөл хорио Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэлийн гол төвүүд болох зүүн хэсгийн нутгуудад илүү удаан үргэлжлэх төлөвтэй байна. Ингэснээр дэлхийн экспортын гол хүч болсон Хятадтай олон улс хилээ хааж, хөрөнгө оруулагчид айдаст автаж эхэлжээ.

Гэхдээ том зургаар харвал нөхцөл байдал арай өөр. Хятадын Засгийн газар халдвар тархалтыг зогсоохын тулд олон сая хүнийг хөл хорьсон ч зарим үйлдвэрүүд ажилласаар байгаа аж. Өмнөд Солонгосын “LG Display Co” компани коронавирусийн халдвараас шалтгаалан Хятадын Наньжин, Яньтай дахь бага эрчим хүч зарцуулдаг “LCD” дэлгэцийн үйлдвэрүүдээ хоёрдугаар сарын 9-ныг хүртэл хаасан. Гэтэл тус компанийн илүү сайжруулсан технологи бүхий “OLED” дэлгэц үйлдвэрлэдэг Гуанжоу дахь салбар хэвийн ажиллаж байна. Тус үйлдвэрт сард 60 мянган ширхэг дэлгэц үйлдвэрлэх хүчин чадалтай ба энэ нь “LG Display Co” компанийн нийт “OLED” дэлгэц үйлдвэрлэлийн тал хувийг эзэлж байна. Тус компани өнгөрсөн жил Гуанжоуд салбар үйлдвэрээ нээх төлөвлөгөө гаргасан ба энэ нь Бээжинд маш их ашиг болжээ. АНУ-тай худалдааны дайнаас болж олон компани Хятад дахь сэлбэг, эд ангийн үйлдвэрүүдээ шилжүүлж эхлээд байх үед энэ үйлдвэр нээгджээ.

Халдварын голомт Ухань хотын ойролцоо ч цөөн тооны үйлдвэрүүд ажилласаар байна. “NAND” санах ойн чип карт ханган нийлүүлэгч “Yangtze Memory Technologies Co” компанийн үйлдвэр хэвийн ажиллаж байна. Гэхдээ үйлдвэрийн гарах хаалга дээр хянагчид зогсох болжээ. Өөр нэг чип үйлдвэрлэгч “Changxin Memory Technologies Inc” ч Ухань хотын ойролцоо байдаг ба хэвийн ажиллаж байна. Уханьд хөл хорио тогтоосноос хотод бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн ч үйлдвэрийн ажиллагаанд ямар ч саад учраагүй аж. Тус үйлдвэр нь Хятадын Засгийн газрын олгосон үндэсний тусгай лицензийг эзэмшдэг учраас бүтээгдэхүүн нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна гэж “TrendForce” маркетинг судалгааны байгууллага мэдэгджээ. Эдгээр чип үйлдвэрлэлийн компаниуд бол Хятадыг 2025 он хүртэл хөгжүүлэх Ши Жиньпиний хар зургийн титмийн шигтгээ аж. “Yangtze Memory” компани нь “Tsinghua Unigroup” группын охин компани ба захирал нь Хятадын даргын оюутан цагийн найз. “NAND” санах ойн технологийн эхэн үе шатдаа яваа бөгөөд дэлхийн чип үйлдвэрлэгчдээс хагас алхмын ард яваа юм. Гэхдээ тэд нэг эсвэл хоёр жилийн дотор тэднийг гүйцэх боломжтой байгааг ажиглагчид хэлжээ.

Ши Жиньпин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон ч асуудал, сорилттой нүүр тулгарлаа. Коронавирусийн халдварын тархалт хавар гэхэд намжих төлөвтэй байна. Хятадын Засгийн газар коронавирусийн халдвартай тэмцэхийн тулд нэг тэрбум юань буюу ойролцоогоор 142 сая ам.долларыг зарцуулаад байна. Ши Жиньпиний хувьд вирусийн халдвараас илүү АНУ-тай хийж буй худалдааны дайныг шийдвэрлэх нь эдийн засгийн чухал асуудал юм.  Гэхдээ Хятадын Засгийн газар өчигдөр (2020.2.6) АНУ-ын 75 тэрбум ам.долларын өртөг бүхий импортын бараа, бүтээгдэхүүнд тавьсан нэмэлт тарифаа хоёр дахин багасгах болсноо мэдэгдсэн. Ингэснээр ирэх долоо хоногоос эхлэн АНУ-ын импортын бараанд ногдуулсан Хятадын гаалийн 10 хувийн татвар нь 5-2.5 хувь болж буурах аж. Хятад улс алхам ухарч, буулт хийснээр АНУ-тай  үргэлжилж буй худалдааны дайнд эерэг нөлөө үзүүлнэ. Дэлхийн хоёр том эдийн засаг хоорондоо гаалийн татварын бараанд нэмэлт татвар ногдуулах замаар худалдааны ширүүн сөргөлдөөн өнгөрсөн оны турш өрнөсөн юм.

Ши Жиньпин 2017 онд Хятадын даргаар сонгогдохдоо “Нэг намын удирдлага дор тусгаар тогтнолоо хадгалахын сацуу хөгжил дэвшлийг хурдасгах” амлалтыг ард иргэддээ өгсөн. Тэрбээр Барууны жишгээр хөгжиж буй ардчилал нь замбараагүй, дутагдал ихтэй, маргаан дагуулсан зүйл гэж Хятадын эрх баригчид үздэг. Харин сүүлийн үед Ши Жиньпиний ярианд дэлхийн геополитикийн гол тоглогч, тэргүүлэгчийн байр суурьд тэмүүлсэн өнгө аяс ажиглагдах болжээ.  Ши Жиньпин Хятадын өмнөх дарга нарыг бодвол гадагшаа чиглэсэн амбиц ихтэй. Түүнчлэн Хятад улс нь нэг бүс-нэг зам санаачилгаараа дамжуулан дэлхийн хөрөнгө оруулалтын гол тоглогч болохоор хичээж байна. Тус санаачилгын ачаар Ази, Африк, Ойрхи-Дорнод тэр ч бүү хэл Европын орнууд ч Хятадад тал засч эхэлжээ. Жишээлбэл, АНУ-аас  “Huawei” брэндийн эсрэг арга хэмжээ авахыг дэлхийн 61 орноос анхааруулж хүсэхэд Япон, Австрали, Шинэ-Зеланд зэрэг цөөн орон л Хятадын компанид хориг тавьжээ.

Ши Жиньпин 14.55 их намд ам.долларын эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол бодлогыг зангидаж яваа юм. Өнгөрсөн хэдхэн жилийн дотор Хятадад хурдны галт тэргүүд улам өргөжиж, сүүлд Хөх хот, Бээжингийн хооронд хурдны галт тэрэгний замыг нээсэн ба олон сая хүнийг ядуурлаас гаргаад байна. “McKinsey” байгууллагаас тооцоолсноор 2022 он гэхэд Хятадын 550 сая хүн ам дундаж давхаргад орох ба энэ нь одоогийн АНУ-тай харьцуулахад 1.5 дахин их байх аж. Ши Жиньпинийг Хятадыг агуу болгох төлөвлөгөөний хүрээнд асуудал таригч үндэсний цөөнхүүд болон тусгаар тогтнолыг эрмэлзсэн бүс нутгуудыг хяналтдаа бүрэн авах юм. Үүний хүрээнд, мусульман иргэд олноор оршин суудаг гөжүүд Шинжаан-Уйгурт иргэний боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын замаар Төвөд орныг өөртөө уусгах бодлогыг баримталж байна.