Олон улсын эрдэмтэд үр хөврөлд генийн өөрчлөлт хийхийг хориглохыг уриалжээ

Хятадын эрдэмтэн Хэ Зянькуй өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ихэр охидын үр хөврөлд ХДХВ-ийн халдвараас сэргийлэхийн тулд генид нь өөрчлөлт оруулсан тухайгаа мэдээлсэн бөгөөд охид ХДХВ-ийн дархлаатай, генийн өөрчлөлттэй төрсөн байна. 

Энэхүү нээлтийн талаар эрдэмтэд сонсоод цочролд орсон гэх ба түүнээс дөрвөн сарын дараа Nature сэтгүүлд хамтарсан нийтлэл гаргаж, генийн өөрчлөлт хийхийг хориглохыг уриалаад байна. 

Америкийн Үндэсний эрүүл мэндийн институтээс мөн л эрдэмтэд хамтарсан нийтлэл гаргаж, олон улсын энэ хоригийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

"Санаанд оромгүй энэ нээлт шинжлэх ухааны ажилтнууд болон нийгмийг цухалдуулж байна" хэмээн Үндэсний эрүүл мэндийн институтийн захирал Фрэнсис Коллинз мэдэгджээ. 

Эрдэмтдийн баг үр хөврөлд генийн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхэд олон улсын гэрээ хэлэлцээр байгуулахыг уриалсан байна. 

Ирээдүйд илэрч болох гаж нөлөө болон түүнийг даван туулах арга зам байхгүйгээс болгоомжилж АНУ-д үр хөврөлийн генийг өөрчлөхийг хориглодог байна. 

Америкийн хэд хэдэн компани насанд хүрэгчдэд тохиолдох ховор төрлийн өвчин, хорт хавдар, цусны өвчин эмчлэх зорилгоор генид өөрчлөлт оруулах CRISPR технологийг хэрэглэдэг бөгөөд эдгээр өөрчлөлт нь удамшдаггүй аж. 

Эх сурвалж: South China Morning Post