Нидерланд улсын ерөнхий сайд: Би ажилдаа дугуйгаар явдаг

Өнгөрсөн жилийн судалгаагаар Нидерланд улс нь хүн амаасаа их дугуйтай гэсэн статистик гарчээ.  

Тус улс 35 мянган километр дугуйн замтай ба дэлхийн хамгийн том газар доорх дугуйн парк ч Нидерландад бий. Дугуйн замын тэмдэглэгээ, гэрэл гэх мэт шаардлагатай бүх зүйлийг цогцоор нь бий болгож ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг маш сайн бүрдүүлсэн аж.

Нидерланд улсын ерөнхий сайд Марк Рютте “Дугуй идэвхтэй унаагүй арван жил өнгөрсөн байсан. Миний бие сүүлийн хоёр жил цаг агаар таатай байвал ажилруугаа дугуйгаар явах болсон. Манай улс газар нутаг жижигтэй учраас ихэнх хүмүүс машинаас илүүтэйгээр дугуй унах сонирхолтой байдаг. Машин унах сонголт хийж болох ч түгжрэлд зогсоно. Мөн байгаль орчинд ч хор нөлөөтэй” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлжээ.

Тус улс зөвхөн хот дотроо гэлтгүй орон нутгууддаа ч дугуйн замтай байна. Энэ нь хүүхдүүдийг сургуульдаа ирж очиход амар гэж үзжээ.

Дугуй унах нь эрүүл мэндэд сайн төдийгүй олон өвчлөлөөс сэргийлж чаддаг. 2015 оны судалгаагаар Нидерланд улсад дугуй унасны ачаар 6000 хүн өвчинд шаналах, амь насаа алдах эрсдлээс сэргийлж чадсан байна.

Машинаар бус дугуйгаар явснаар нэг километр тутам 150 грамм карбон диоксид агаарт тархах эрсдэл алга болдог аж. Мөн иргэд дугуй унаснаар тус улсын эдийн засаг жил бүр 20 сая ам.доллар хэмнэдэг байна.

Эх сурвалж: ecowatch.com