Монгол Улсын 2019 оны үхэр, хонины боловсруулсан махны экспортын 99 хувийг БНХАУ бүрдүүлжээ

Шинэ төрлийн коронавирус, мялзан, шувууны томуугийн нөлөөгөөр БНХАУ-д гахайн махны үнийн өсөлт эрчимтэй хэвээр байна.

Тухайлбал өмнөд хөршийн статистикийн товчоо гахайн махны үнэ I сард өмнөх оны мөн үеэсээ 116 хувиар өссөнийг мэдээлсэн. Гахай, тахиа, далайн гаралтай бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтэд гарсан шок цаашид үргэлжлэхээр байгаа нь Монгол Улсаас авах импортын махны хэрэглээг нь өдөөж магадгүй. 2019 оны байдлаар үхэр, хонины боловсруулсан махны экспортын 99 хувийг БНХАУ руу гаргасан байна. Мөн адууны махны 98 хувийг гаргажээ. Энэ гурван төрлийн бүтээгдэхүүнээс 106 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь өмнөх оноосоо 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Махны экспорт нэмэгдэхтэй зэрэгцээд дотоодод махны нийлүүлэлт хомсдож махны үнэ өссөн хандлага ажиглагдаж байв. Тухайлбал 2018, 2019 оны зун, намрын саруудад махны үнэ өмнөх оноосоо 30 гаруй хувиар өсөж инфляц Төв банкны зорилтоос давахад нөлөөлж байсан юм. Ийм үед Засгийн газраас махны тодорхой арга хэмжээ авах шаардлага үүсэж байсан. Одоогоор дотоодын нөөцийн мах 12.1 мянган тонн, ААН-ийн нөөцөлсөн мах 8.6 мянган буюу Улаанбаатарын иргэдийн 5 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байна. Гэхдээ БНХАУ руу хийх махны экспорт огцом өсвөл дотоодод хомсдол үүсэж, үнэ өсөх эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байгаа юм.