Компанийн засаглал хөрөнгө оруулалтад чухал байгааг хэлэлцэв

Компанийн засаглал сайн байх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын тулгуур хүчин зүйл болж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад ч голлон нөлөөлдөгийг СЗХ, Компанийн засаглалын хөгжлийн төвөөс өнөөдөр зохион байгуулсан “Монголын компаниудын засаглалын форум-2018” чуулганаар энэ удаа хөндлөө.
Чуулганы гол илтгэлийг “Компанийн засаглалыг хөрөнгө оруулагчийн байр сууринаас харах нь” гэсэн сэдвээр Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/-ийн Ази, Номхон далайн бүсийн компанийн засаглалын хөтөлбөрийн удирдагч, тэргүүлэх мэргэжилтэн Крис Разук тавьсан юм. Тэрээр, Монголын компаниудад төрийн эзэмшил болон тухайн гэр бүлийн оролцоо өндөр байдаг учир ихэнх нь тодорхой хэсэг бүлгийн хяналтад байдаг. Мөн ТУЗ болон компанийн удирдах зөвлөлд хараат бус гишүүдийг томилдоггүйгээс үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй биш, зах зээлийн хүч тааруу байдаг. Азийн шинээр хөгжиж буй зах зээлийн орнуудад тулгардаг эдгээр нийтлэг сорилт Монголд ч гарч байна. Жишээ нь, ОУСК-иас өөрийн хөрөнгө оруулалтын багц дахь компаниудад хийсэн судалгаанаас харахад сайн засаглалын өөрчлөлт хийсэн хамгийн тэргүүлэх 25 хувьд багтах компаниудыг хамгийн муу үзүүлэлт бүхий 25 хувьд орсон ААН-үүдтэй харьцуулахад өөрийн хөрөнгийн өгөөж 3 дахин өндөр байсныг дурдаж байв.
Форумд оролцсон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хэлэхдээ, компанийн засаглалыг хөрөнгө оруулалттай холбосон өнцгөөр харахад энд зохицуулах байгууллага чухал үүрэг нөлөөтэй байдаг. Өнөөдөр манай улсад компанийн засаглалаар дагнасан, дагнаагүй олон байгууллага байгаа хэдий ч ихэнх нь сертификат гардуулахаас хэтрэхгүй байна. Тиймээс манайд компанийн засаглалын зарчмыг дагаж мөрдөн хэрэгжүүлэх шаардлага байсаар байна. Энэ талын хууль эрхзүйг улам боловсронгуй болгож сурталчлах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манай шийдвэр гаргах, хууль тогтоох түвшинд компанийн засаглалаар “А” ч байхгүй, мэдэхгүй хүмүүс хууль боловсруулаад сууж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.
Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуш үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, “Манайд хууль эрхзүй боловсруулах үйл явц хүртэл өөрөө ил тод биш байгаа нь Монголд компанийн засаглалын зарчмыг эхнээс нь зөрчиж байгаа явдал юм. Компаниудын үйл ажиллагаа удирдлагаасаа эхлээд менежментийн баг хүртэл бүхий л шатанд ил тод, нээлттэй байх нь компанийн засаглалын нийтлэг зарчим болохоос биш үйл ажиллагаа ил тод байна гэдэг нууц алдагдах эрсдэлтэй хэмээн манай зарим хүмүүсийн буруу ташаа ойлголт байдаг. Манай улсад компанийн засаглалыг ойлгохдоо 1-2 удаа гаргаж өгдөг санхүүгийн тайлангаас хэтрэхгүй байна. Энэ тухайн компанийн олон талын үйл ажиллагааны бүтэц, тэдгээрийн ил тод нээлттэй байдлаар хэмжигддэг юм” гэж байв.
Дэлхийн банкны группийн гишүүн байгууллага болох ОУСК-иас манай улсад болдог Компанийн засаглалын форумын 10 дахь удаагийн ээлжит чуулганыг Монгол Улсын Засгийн газраас одоогийн ажиллаж байгаа төрийн өмчит компани, ААН-үүдийн тэн хагасыг энэ оноос эхлэн ойрын хугацаанд болон 2020 он хүртэл хувьчлах шийдвэр гарч байгаа үед “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг сайжруулах” сэдвээр ийнхүү зохион байгуулж буй нь цагаа олсон арга хэмжээ болж байна хэмээн үзэж байна. Учир нь компанийн сайн засаглал нь тогтвортой компаниудыг бий болгох, цаашилбал Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэдгийг СЗХ-ны дарга С.Даваасүрэн илэрхийлж байв.
Монголын хөрөнгийн зах зээл дэх олон нийтийн оролцоо өсөх хандлагатай байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна. Хүчтэй, сайн засаглал нь компанийн гүйцэтгэлийг сайжруулж улмаар аливаа учрах эрсдлийг бууруулж, ингэснээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг. Тиймээс манай орны компанийн засаглалын стандартууд олон улсын тэргүүн туршлагад нийцэж байхын зэрэгцээ хөрөнгө оруулагчдад зохих хамгаалалтыг бүрдүүлж байхад бид бүхэн анхаарах хэрэгтэй байна гэдгийг өнөөдрийн чуулганд оролцогчид онцолж байв.