“Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт багтсан 15 төслөө танилцууллаа

Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын экспо” Монгол-Хонконг-Макао-ӨМӨЗО-ны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хурлаар үргэлжиллээ.

Хурал дээрх орнуудын аж үйлдвэр, худалдааны салбарын харилцаа холбоог шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.

Монгол, Хонгконг, Макаогийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж үйлдвэр, бизнесийн салбарын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны засгийн ордон, гадаад харилцааны алба, Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааны танхим, Хөрөнгө оруулалтын газар, Биг дата төв, Үйлдвэр бизнесийн холбоо зэрэг байгуулагуудын удирдлагууд, Улаанцав хотын Ардын засгийн ордон бусад хотуудын Худалдааны танхимын төлөөлөгч зэрэг Монголын талаас 46, Хонгконгоос 50, Макаогоос 20, ӨМӨЗО-ноос 100 төлөөлөгч уг хуралд оролцлоо.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИУДЫН 50 ХУВИЙГ БНХАУ-ЫН КОМПАНИ ЭЗЭЛЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Х.Батбаяр энэ удаагийн хуралд хөрөнгө оруулалт татахаар 15 төсөл авчирснаа хэлсэн юм.

Тэрбээр “Энэ удаагийн экспо илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгаа нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд цаашид хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байна. 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл урлаг зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирлээ. Худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж 10 тэрбум америк долларт хүргэхээр зорьж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын 50 хувь, нийт хөрөнгө оруулалтын 20 гаруй хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд эзэлж байгааг хэлэхэд таатай байна. Энэ нь хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн хэрэгжилт өндөр байгааг илтгэж байна.

Энэ удаагийн экспо нь Монгол-Хонконг-Макао-ӨМӨЗО-ны ААН-үүд харилцан танилцаж, бодит гэрээ хэлэлцээр хийхэд тустай байна. Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Одоогийн байдлаар уул уурхайгаас хамааралтай байгаа ч үүнийг нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэр болгоход анхаарч байна.

Бидэнд 60 гаруй сая толгой мал, газар тариалан, байгалийн гаралтай органик хүнс, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, эрүүл мэнд, үзэсгэлэнт байгаль орчинд суурилсан адал явдалт аялал жуулчлал, мэдээллийн технологи, дэд бүтэц зэрэг салбарт хамтран ажиллах бизнесийн боломж бий” гэдгийг онцолсон юм.

Мөн үйлдвэржилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах хүсэлтэй байгаа бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт багтсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний салбарын томоохон 15 төслөө танилцуулж, эдгээр төслийг сонирхож түншлэл тогтоож харилцан ашигтай ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлж байв.

Хурлын үеэр Үндэсний хөгжлийн газраас гаднын хөрөнгө оруулагчдыг татах, урт хугацаан ажиллахад эрхзүй, татварын орчинг таатай болгохоор ажиллаж буйгаа хуралд оролцогчдод танилцуулсан юм. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэмжээ салбар, байршил зэргээс хамаарах бөгөөд 500 тэрбум төгрөгөөс дээш бол Засгийн газартай татварын орчныг тогтворжуулах зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгасан хөрөнгө оруулалтын гэрээ хийж болно.

Мөн салбар, байршлаас хамаараад 5-18 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварыг бууруулах гэрчилгээ авч болдог байна. Хэрэв эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийвэл эхний таван жил татвараас чөлөөлөгдөх зэрэг олон давуу талууд байгааг хуралд оролцогчдод танилцуулж байлаа.

Сонирхуулахад БНХАУ-ын хөрөнгө оруулалтын 68.9 хувь нь уул уурхайн салбарт зарцуулагдаж байгаа юм.