ИХ ХЯМРАЛЫН 6 ДОХИО

"Дараагийн эдийн засгийн хямрал өмнөх хямралаас илүү хүнд тусна" гэж итгэх эдийн засагчид цөөнгүй байна. Олон улсын эдийн засгийн хямралын дохио байж болохуйц зургаан шинж тэмдэг мэдрэгдэж эхэллээ.

18 сарын өмнө Дональд Трамп "АНУ нэгдүгээрт" кампанит ажлаа эхлүүлж, БНХАУ-ын гангийн салбарыг онилсон тариф тогтоох болсноос хойш хөрөнгийн зах зээлд ч нөлөөлж болохуйц хязгаарлалт яригдаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор өндөр технологийн эд анги, материалын импортын зардал нэмэгдсэн нь АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт хүндээр туссан юм. Хамгийн сүүлийн байдлаар салбарын гол хэмжүүр “ISM” индекс санхүүгийн хямралаас хойших доод түвшин рүү унаад байна. Хэдийгээр одоогоор АНУ-д ажилгүйдэл түүхэн доод түвшиндээ байгаа ч ирэх 10 жилд автоматжуулалтын нөлөөнд олон ажлын байр үгүй болно. Харьцангуй өндөр чадвар шаарддаг банкны салбарт л гэхэд АНУ-д нэг сая ажлын байр алга болно гэх тооцоог “Wells Fargo” гаргасан байна. Өөрөөр хэлбэл ажилгүйдэл өсвөл иргэдийн хэрэглээ буурна, ингэснээр АНУ-ын эдийн засгийг хөдөлгөгч гол арааны эргэлт суларна гэсэн үг юм.

Харин хөгшин Европын хамгийн хүчтэй эдийн засаг энэ оны II улиралд агшив. Энэ улиралд үргэлжлэн агших хүлээлт давамгайлж байна. Хэрэв ийнхүү хоёр улирал дараалан агшвал техникийн нэршлээр Германд хямрал нүүрлэхээр байгаа юм. Хэрэв Их Британи хэлэлцээргүй Европын Холбоог орхиход хүрвэл дарамт улам хүндэрнэ гэж бодлого тодорхойлогчид анхааруулж байна.

Харин Азийн хамгийн том эдийн засаг, дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч БНХАУ-д ч бас нөхцөл таагүй байна. Өрийн хямрал нүүрлэхэд ойрхон байна гэж “S&P Global”-ийн шинжээчид анхааруулж байсан юм. Төрийн өмчит, менежмент муу компаниуд өсөлтийн үед их хэмжээний зээл авсан нь өдгөө арилжааны банкнуудад чанаргүй зээлийн дарамт болжээ.

БНХАУ-ын Төв банк хэд хэдэн удаа зээл олголтыг хязгаарлах оролдлого хийсэн ч олон улсын эдийн засгийн өсөлт саарсны улмаас эргээд зээлийн нөхцөлийг хөнгөлөхөд хүрсэн байна. Одоо нийт өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс гурав дахин өндөр байгаа юм. Үүний зэрэгцээ сүүлийн 50 жилд БНХАУ-ын эдийн засгийн гол хөдөлгөгч байсан үйлдвэрлэлийн салбарын өсөлт 1990 оноос хойших доод түвшин 4.8 хувь руу уналаа.

Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэгддэг газрын тосны чухал нийлүүлэгчид болох Иран, Венесуэлийн нөхцөл таагүй байна. Иран улс АНУ-ын хоригийн улмаас экспортлох боломж нь хязгаарлагдсан юм. Харин дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй улс Венесуэльд гипер инфляц үүсэж, улс төрийн хямралд оржээ.

Мөн “Saudi Aramco”-ийг онилсон дроны халдлагатай төстэй хорлон сүйтгэх ажиллагаа давтагдах эрсдэл бий. Энэ нь хими, эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нийлүүлэлтийг бууруулж үйлдвэрлэгчдийн нуруун дээр ирэх дарамтыг улам нэмж болзошгүй байгаа юм.

Эх сурвалж: http://bloombergtv.mn