ЗГ-ын өр нь огцом өссөн орнуудын тоонд Тажикистан, Монгол, Узбекистан багтжээ

Засгийн газрын өр нь огцом өссөн орнуудын тоонд Тажикистан, Монгол, Узбекистан зэрэг улс багтсан гэдгийг Олон улсын санхүүгийн институт онцоллоо. БНХАУ-аас авсан шууд зээлийн хэмжээ өр нь богино хугацаанд их дүнгээр нэмэгдэхэд нөлөөлсөн гэсэн байна.

Харин дэлхийн улс орнуудын өрийн нийлбэр дүнг авч үзвэл 2019 оны III улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний 322 хувьтай тэнцэж байна. Энэ нь өмнө нь байгаагүй өндөр дүн болоод байгааг онцолж байгаа юм. Дурдсан хугацаанд өрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 10 их наяд ам.доллароор нэмэгдэж 252.6 их наяд ам.доллар хүрчээ. Хөгжиж байгаа орнуудын өр 2018 оны III улирлынхтай харьцуулахад зургаан их наяд ам.доллароор нэмэгдэж, 72.5 их наяд ам.доллар болсон байна. Мөн АНУ, Австрали улсын өр өмнө нь байгаагүй өндөр дүнд хүрсэн байна.

АНУ-ын Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 102 хувьтай тэнцэж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 нэгж хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын өр 2009 оноос хойших хамгийн өндөр хурдаар нэмэгдсэн байна. Бельги, Финланд, Франц, Шинэ Зеланд, Швед, Швейцар улсад өрхийн нийт өр шинэ дээд цэгт хүрчээ. Хүүгийн түвшин доогуур, санхүүгийн нөхцөл байдал сул байгаа учир 2020 оны эхний улиралд дэлхийн өр үргэлжлэн өсөж, 257 их наяд ам.доллар давах төлөвтэй байгааг Олон улсын санхүүгийн институт тооцоолжээ.


Эх сурвалж: bloombergtvmongolia.com