ЖДҮХСангаас санхүүжүүлэх 100-300 сая төгрөгийн зээл хүссэн төслүүд өнөөдөр тодорно

 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 100.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн иргэн, аж ахуй нэгжийн төслийг сонгон шалгаруулах эцсийн шалгаруулалтаар  үргэлжилж байна.

Нийт 349 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн. Тэднээс  86,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иж бүрдэл болон төслийн шаардлага ханган ЖДҮХСан судалсан байна. Ингээд 270 иргэн, аж ахуйн нэгжийн 68,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төслүүд урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцжээ. Эдгээр төслүүд нарийвчилсан судалгааны шат руу шилжсэнээр төсөл хэрэгжүүлэх газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл, бэлэн байдал, төслийн эрсдэлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өгсөн байна.

Үүнээс  200 иргэн, ААН-ийн 50,5 тэрбум төгрөгийн хүсэлт эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжжээ. Төсөл сонгон шалгаруулах хорооны долоон гишүүн төсөл бүрт 11 шалгуур үзүүлэлт бүхий 39 хэмжүүрээр 100 хүртэл оноо өгч, тухайн төслийг хэрэгжүүлэх бодитой нөхцөл, шаардлага бүрдсэн эсэх, Засгийн газрын хөтөлбөрүүдтэй уялдсан, эсэх, нийгэм эдийн засагт оруулах үр өгөөж, зээлийн эргэн төлөлт, барьцаа хөрөнгийн эрсдэл, зах зээлийн багтаамж зэрэгт үнэлгээ хийжээ. 

Хорооны гишүүдийн үнэлгээ, Сангаас судалсан мэрэгжилтний урьдчилсан болон нарийвчилсан судалгааны нийт 3 шатны онооны нийлбэрээр эцсийн үнэлгээ гарна.

Гурван шатны оноолтыг үнэлсэн мэргэжилтнүүд болон хорооны гишүүд мэдэх боломжгүй, хамгийн эцсийн мөчид бүх оноо нэгтгэгдэж шууд программд олон нийтийн өмнө нэгтгэж байгаагаараа сонгон шалгаруулалт  шилэн боллоо  хэмээн ЖДҮХС үзэж байна.