Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн эхэллээ

Жил бүрийн аравдугаар сарын эхээр Франц улсын Клермон Ферран хотод зохион байгуулдаг “Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн” нээлтээ хийлээ.

Өндөр ашиг шимт малыг өсгөж үржүүлэхийн зэрэгцээ экологийн цэвэр, баталгаатай бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг эрмэлздэг болсон өнөө үед энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид ХАА-н чиглэсэн салбар бүрийн 70 хурал, зөвлөгөөнд оролцож эрчимжсэн мал аж ахуй,үржил селекци, малын үүлдэр угсаа, тэжээлийн чанар, эм зүй, мал эмнэлэг, газар тариалангийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг сонирхон, тус салбарын инновацийн шийдлийг хэлэлцэж байгаа юм.

Олон улсын бизнесийн төв зангилаа болоод буй  тус арга хэмжээг 35 орны 160 хэвлэл мэдээллийн баг сурвалжилж  байна.

Тус үзэсгэлэнд Монгол Улсаас ХАА-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ААН-ийн төлөөллүүд оролцож байгаа юм.

Үхэр үржүүлэхэд нэн тохиромжтой бүс нутаг болох европ тивийн тэгш өндөрлөгт орших Клермон Ферран хот махны чиглэлийн үхэр, амтат хиам 150 гаруй нэр төрлийн бяслагаараа алдартай. Тиймдээ ч энэ жилийн “Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнгийн онцлон танилцуулж буй үүлдэр нь Blonde D Aquaitaine буюу Акуайтин нутгийн шар үхэр юм.

Жил бүрийн арга хэмжээнд өөр өөр үүлдрийн үхэрийг онцлон алдаршуулдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлон танилцуулж буй Blonde D Aquaitaine үүлдэр нь Франц улсад 500 000 тоо толгой байдаг бөгөөд 16 сартай буюу бяруу нь л гэхэд дунджаар 550 кг хүрдэг өндөр ашиг шимтэй үхэр.

Үзэсгэлэнд сүүний чиглэлийн 25 үүлдэр, махны чиглэлийн 22 үүлдэрийн өндөр ашиг шимт 1300 үхэр, 26 үүлдрийн 400 хонь, 16 үүлдрийн 400 адуу зэрэг  70 үүлдрийн 2000 толгой шилмэл малыг танилцуулж шилдэг ашиг шимт малыг шалгаруулдаг тус үзэсгэлэнд 35 орны 1500 оролцогч 95 мянга гаруй зочид, үзэгчид оролцож байна.

Монгол улсаас тус үзэсгэлэнд “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төв” ТББ-ын төлөөллүүд, ХАА-ын салбарт ажиллаж буй фермер, тариаланчдын хамт оролцож байгаа юм. Тэд монгол улсад нэвтрүүлж болох шинэ технологи, өндөр ашиг шимт малын үүлдэр угсаа, нутагшуулж болох сортын тэжээл, дэвшилтэт техник технологитой танилцах, хамтран ажиллах олон боломжууд нээгдсэн чухал үүд хаалга болж буйг оролцогчид онцолж байна.

“Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Л.Чой-Иш Клермон Ферран хот сүү, махны чиглэлийн үхэр, хонь адуу зэрэг малыг эрчимжсэн аж ахуйн чиглэлээр өсгөж үржүүлэхэд хамгийн тохиромжтой бүс нутгийн дээр олон мянган га газар фермерүүд аж ахуйгаа эрхэлдэг тул манай улстай олон талаар хамтран ажиллах, туршлага солилцох, өргөн боломж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байсныг дурдлаа.