Газпром компани Монгол Улсад шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлж эхэллээ

ОХУ-ын байгалийн хийн “Газпром” компани Монгол Улсад анх удаагаа шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлснээ цахим хуудастаа мэдээлжээ.

Газрпром компанийн мэдэлд хамаарах “Газпром Экспорт” компани өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр тусгай зориулалтын галт тэргээр 36 тонн шингэрүүлсэн байгалийн хийг Якутаас тээвэрлэсэн байна. Улмаар арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсад албан ёсоор тээвэрлэгдэн иржээ.

“ОХУ-ын байгалийн хийн сүлжээнд Монгол Улс нэгдэж орсонд баяртай байна. Улаанбаатар хотын иргэд сүүлийн үед эрэлт нь ихээр нэмэгдэж буй байгалийн хийгээр хангагдах нөхцөл бүрдлээ” гэж “Газпром Экспорт” компанийн ерөнхий захирал Элена Бурмистрова ярьжээ.

ОХУ болон Монгол Улс стратегийн иж бүрэн түншлэлд шилжсэнтэй холбогдуулан хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу ийнхүү Монгол Улсад нийлүүлж буй аж. Монгол Улсаас байгалийн шингэрүүлсэн хий худалдан авагч нь “Улаанбаатар Метан” бөгөөд 2020 онд 8000 тонн байгалийн хий худалдан авахаар “Газпром” компанитай гэрээ байгуулжээ.