Гадаад худалдааны ашиг нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл VIII сард ашигтай гарлаа

Наймдугаар сард төлбөрийн тэнцэл 119 сая ам.долларын ашигтай гарсан байна. Ингэснээр оны эхний найман сард төлбөрийн тэнцлийн ашиг 39 сая ам.доллар хүрснийг тайланд тусгажээ.

Долоодугаар сард үйлчилгээний дансны алдагдал өндөр байсан болон банкнуудын хөрөнгийн удирдлагын шийдвэртэй холбоотой 500 гаруй сая ам.долларын алдагдалтай гарч байсан төлбөрийн тэнцэл наймдугаар сард ийнхүү ашигтай гарлаа.

Гадаад худалдааны тэнцлийг харуулдаг барааны дансны ашиг өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсөж, 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь эергээр нөлөөлж байгаа юм. Хэдий тийм боловч үйлчилгээний дансны алдагдал нэг тэрбум ам.доллар давсан буюу өндөр хэвээр байна.

Үйлчилгээний дансны алдагдал нь эдийн засгийн өрсөлдөх чадвартай холбоотойг шинжээчид онцолж байгаа юм. Тухайлбал: энэ хугацаанд Монгол Улсаас тээврийн үйлчилгээнд 647 сая ам.доллар, өндөр төлбөртэй бизнесийн зөвлөх үйлчилгээнд 755 сая ам.долларыг гадагш төлөөд байгаа юм. Харин шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос өсөөгүй 1.3 тэрбум орчим ам.долларт тогтвортой байна.