Гадаад худалдааны ашиг буурахад импортын хэмжээ өсчээ

2018 оны эхний таван сард Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 5.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гадаад худалдааны ашиг тавдугаар сард жилийн өмнөхөөс 301.8 сая ам.доллараар буурахад импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 681.1 сая ам.доллар өссөн нь голчлон нөлөөлсөн байна. Үүнээс дизель түлшний импорт 65.3 сая ам.доллараар нэмэгдсэн, мөн машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн импорт 155.9 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 140.0 сая ам.доллараар өссөн нь голчлон нөлөөлжээ. Эдгээр бүтээгдэхүүн нь Монгол Улсын нийт импортын 66.8 хувийг дангаараа эзэлдэг гэж Үндэсний статистикийн хорооноос онцоллоо. Харин 2017 онд экспортын 87.8 хувийг БНХАУ-д гаргасан байна. Уул уурхайн салбарын өсөлтийн циклийн үед монголоос БНХАУ-д чиглэсэн экспорт өсөх хандлага харагдаж байна. Өөрөөр хэлбэл экспортын тал дээр урд хөршөөс хамаарах хамаарал эдийн засгийн өсөлттэй жилүүдэд нэмэгдэж байгааг албан статистикаас харж болохоор байгаа юм.