В.Путин “Сибирийн хүч 2”-ыг Монголоор дайруулах асуудлыг судлах үүрэг өгчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн хоёр дахь төсөл болох “Алтай” /”Сибирийн хүч 2”/-н маршрутыг өөрчилж, Монголын нутгаар дайруулах асуудлыг судалж үзэхийг холбогдох албаныханд даалгажээ.

БНХАУ руу байгалийн хий экспортлох эхний шугам буюу “Сибирийн хүч 1”-ийн бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж, ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхний шахалтаа хийх гэж буй. Мөнгөн дүн, ач холбогдлоороо “Зууны гэрээ” гэгдсэн уг гэрээ арваад жил дуншсаны эцэст ийнхүү ашиглалтад орж байгаа нь энэ юм. Үүнтэй холбогдуулан “Газпром”-ын захирал Алексей Миллер даваа гаригт Ерөнхийлөгчдөө бараалхаж, ажлын явцын талаар мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр В.Путин “Алтай” буюу “Сибирийн хүч 2”-ын тогтсон маршрутыг Монголоор дайруулж өөрчлөх боломжийг судалж үзэхийг уриалсан байна. А.Миллер ч яг Монголоор дайруулах талаар яриагүй ч “Сибирийн хүч 2”-ын маршрутыг өөрчлөх асуудлыг судалж байна гэсэн хариуг өгчээ. А.Миллер Алс Дорнодын буюу Сахалинаар дамжуулах, мөн баруун чиглэлийн маршрутыг судалж байгаа гэсэн байна.

В.Путин үүний хариуд “Би өмнө нь тантай болон хятад нөхөдтэй олонтаа ярилцаж байсан “Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах” асуудлыг эргэн харахыг танаас хүсч байна. Иркутск, Красноярск, Ямалагийн нөөцийг БНХАУ руу гаргах шаардлага байгаа шүү дээ” хэмээн В.Путин хэлжээ.

Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн нэгэнтээ “Хийн хоолойн асуудлыг ОХУ дангаараа мэдэхгүй. Энэ хоёр улс зөвхөн өөрсдийн нутгаар байгалийн хий дамжуулах шугам тавих гэрээтэй, тэр нь хүчинтэй хэвээрээ байгаа” хэмээн хэлж байсан удаатай.

Тэгвэл В.Путин А.Миллерт “Энэ маршрут мэдээж энгийн биш. Гэхдээ хэрэгжих бололцоотой гэдэг нь урьдчилсан судалгаагаар батлагдсан, хятад нөхөд ч үүнд бэлэн байна” гэжээ.   

Монголоор дайруулах асуудал нь “Алтай” төсөл янз бүрийн шалтгаанаас болоод маршрутаа өөрчлөх асуудлыг судалж байгаатай цаг хугацааны хувьд давхацсан байна. Одоо батлагдсан маршрут нь Алтайн хязгаарын байгаль экологийн онцгой бүс Укокийг /ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан/ дайрч өнгөрөхөөр байгаа нь үе, үе байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарсан байдалтай байгаа аж. Байгаль орчны яам нь хүртэл 2017 онд “Газпром”-д хандаж, хийн хоолойг Алтайн БНУ-ын Алтан уулсаар дайруулахгүй байхыг сануулж байжээ.  

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жилийн өмнө гурван улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр “Монголын нөхөд хийн хоолойг газар нутгаараа дайруулж барих санал тавилаа. Бид үүнийг бүрэн дэмжиж байгаа, энэ бол сайхан санаа. Гэхдээ техник эдийн засгийн үндэслэлийг сайн хийх хэрэгтэй” хэмээн хэлж байсан билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сард болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр хэлсэн үгэндээ мөн энэ талаар дурдаж “Манай саналыг ОХУ дэмжсэн, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Судалж үзье” гэсэн” хэмээн хэлж байсан билээ.