Венесуэль улсын дэлгүүр үйлчилгээний газрууд “бартер”-аар тооцоо хийдэг болжээ

Эдийн засгийн гүн хямралд орсон Венесуэль улсын дэлгүүр үйлчилгээний газруудад “бартер” гэсэн бичиг хадаастай байх нь хэвийн үзэгдэл болжээ.

Энэ нь харилцан бараа бүтээгдэхүүн солилцох хэлбэрээр наймаа хийхэд бэлэн гэсэн үг. Үүнээс гадна доллар, евро зэрэг гадаад валютаар тооцоо хийх боломжтой байдаг гэнэ.

Дэлхийд газрын тосны хамгийн том нөөцтэй, нэгэн үе Латин Америкийн хамгийн баян чинээлэг орон байсан Венесуэлийн үндэсний валют боливар нь хэт инфляцийн улмаас хоосон цаас болоод байгаа.

2016 оны сүүлээс энэ улсад хэт инфляц эхэлсэн гэж судлаачид үздэг. Хүн төрөлхтний түүхэнд тохиолдож байсан хамгийн том 58 хэт инфляцийг судалсан Жон Хопкинсийн их сургуулийн хэрэглээний эдийн засгийн профессор Стив Ханке үргэлжилсэн хугацаагаараа Венесуэлийн инфляцийг эхнээсээ дөрөвт явж байна гэж дүгнэжээ.

Түүхэнд хамгийн урт үргэлжилсэн хэт инфляц нь 30-аад жилийн өмнө Никарагуад тохиолдсон үзэгдэл бөгөөд таван жил орчим үргэлжилсэн юм байна.

Венесуэлийн эдийн засгийн хямрал ойрын үед засрах шинжгүй байгаа тул дээд амжилтыг эвдэж магадгүй байгаа ажээ.

Одоо үргэлжилж байгаа цахилгаан эрчим хүчний тасалдлаас өмнө голдуу Каракасын иргэд бэлэн бусаар төлбөр тооцоо хийдэг байсан гэнэ. Үүнд дэбит кард, онлайн банк, заримдаа крипто валютыг ч ашиглаж байжээ.

Харин эрчим хүчний тасалдал цахим төлбөрийг боломжгүй болгосноос одоо зөвхөн бартер болон гадаад валютад бүх худалдаа наймаа тулгуурладаг болоод байгаа гэнэ. Гадаад валютын гол эх үүсвэр нь хилийн чанадад дүрвэсэн Венесуэлийн иргэдийн ар гэртээ илгээж буй мөнгө юм.

Өргөн хэрэглээний барааны үнэ маш хурдтай өсөж байгааг Каракасын иргэдийн яриа гэрчилж байна. Жишээ нь нэг иргэн ярихдаа “Заримдаа би бөөний захаас нэг кило махыг 10,000 боливараар худалдаж аваад дэлгүүрт 14,000-аар зардаг байсан. Буцаад бөөний зах дээр ирэхэд кило махны үнэ 15,000 болсон байх нь бий” гэжээ.

Стив Ханке “Хэт инфляц үндсэндээ хоёр тохиолдолд л зогсдог. Нэг бол улс төрийн шинэчлэл хийсний дараа мөнгөний бодлогоо шинэчлэх. Үгүй бол улс төрийн дэглэмээ хэвээр хадгалаад мөнгөний бодлогоо шинэчлэх” гэж ярьсан байна. Нэг үгээр хэлбэл Мадуро, Гуайдо нарын хэн нь ч засгийн эрхийг авсан мөнгөний бодлогын шинэчлэл зайлшгүй ажээ.

 

Эх сурвалж: The Guardian