Бараа үйлчилгээний үнэ өмнөх оноос 6.1 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр тавдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ жилийн дүнгээр 6.1 хувь болж өссөн байна. Энэ нь өмнөх оны эцсээс 4.5 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо. хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд хүнсний бараа, ундаа, усны үнэ 7.1 хувиар, согтууруулах ундаа, тамхины үнэ 8.4 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ бүлгээрээ 13.8 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс өмнө төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ жилийн өмнөхөөс 32.8 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан нь анхаарал татаж байна. Инфляц 2016 оноос хойш жилийн дүнгээрээ тасралтгүй өсөж байгаа юм. Тухайлбал, 2016 онд 1.8 хувьтай байсан инфляц одоогоор 6.1 хувьд хүрээд байна. Инфляц өссөн нь мөнгөний бодлогын төлөвийг сулруулахгүй байх нөлөөтэйг “Блумбергийн эдийн засагчдын клуб”-ийн шинжээчид онцолж байгаа юм. Монголбанк инфляцыг найм орчим хувьд тогтворжуулна гэж 2018 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаад байна. Удахгүй Монголбанкны шинэчлэгдсэн бүтэц болох Мөнгөний бодлогын хороо мөнгөний бодлогын шийдвэрээ гаргаж, баасан гарагт олон нийтэд танилцуулах товтой байна.