АНУ БНХАУ-ын Засгийн газрын зарим төлөөлөгчдөд хориг тавив

АНУ БНХАУ-ын Засгийн газрын зарим төлөөлөгчдөд визийн хориг тавьсан байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-д үзүүлж буй шахалтаа нэмэгдүүллээ.

АНУ-ын Төрийн департаментын албан мэдэгдлийг харвал, Шинжаан дахь уйгур, казах үндэстнүүд болон мусульманчуудыг олноор саатуулж, хүч хэрэглэсэнтэй холбоотой БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Коммунист намын гишүүдэд хориг тавьжээ. Хориг гэр бүлийн гишүүдэд нь ч хамаарах юм байна. Энэ шийдвэрийнхээ хүрээнд АНУ БНХАУ-ыг Шинжаанд явуулж буй хавчлагаа зогсоохыг уриалжээ.

Үүнээс өмнө АНУ үүнтэй төстэй шалтгаанаар БНХАУ-ын технологийн найман компанийг “Хар жагсаалт”-даа оруулсан юм. Мусульманчуудын эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр БНХАУ-ын камер үйлдвэрлэгч, хиймэл оюун ухааны компаниудыг АНУ-ын компаниудтай бизнес хийхийг хориглоод байна. Үүнд нь БНХАУ хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Хоёр тал энэ сарын 10, 11-нд худалдааны асуудлаар уулзахаар бэлтгэж байгаа үед энэ үйл явдал болж байгаа гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.