Ам.доллар сарын өмнөхөөс 10 төгрөгөөр чангарав

 

Өнөөдөр  Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2643.69  төгрөгтэй тэнцэж байна. Арилжааны банкны ханшийг харахад Хаан банк 1 ам.долларыг  бэлнээр 2640 төгрөгөөр авч, 2660 төгрөгөөр зарж байна. Тэгэхээр уруудаад байсан ханш өгсөх талдаа байна. Төв  банкны зүгээс ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байна гэсэн байр суурийг илэрхийлж буй.

2018 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2632.90 төгрөгтэй тэнцэж байсан. Үүнтэй харьцуулахад өнөөдрийн байдлаар ханш 10 гаруй төгрөгөөр өссөн байна.

  • Ам.долларын ханш есдүгээр сарын 10-наас хойш өсч, буурсан төлөвтэй байгаа. Намар ханш өссөн үндсэн шалтгаан  долдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 198.5 сая ам.долларын алдагдалтай гарсантай холбон тайлбарлагдаж байсан. Тэгвэл төлбөрийн тэнцлийн үзүүлэлтийг гуравдугаар улирлын байдлаар харахад 475.3 сая ам.долларын  алдагдалтай байгаа юм.

Монголбанкны мэдээллээр “Олон улсын санхүүгийн зах зээл дэх ам.долларын өгөөж нэмэгдсэн, дотоодын эдийн засагт үүсээд буй түр зуурын шинжтэй хүчин зүйлсээс шалтгаалан сүүлийн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах хандлага ажиглагдах болсон. Төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор Монголбанк 2018 оны 2 дугаар хагаст нийт 1 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сар гарснаас хойш нийт 370 сая ам.долларыг захад нийлүүлээд байна. Улмаар энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс хойш тасралтгүй сулраад байсан төгрөгийн ханш  арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 5.02 төгрөгөөр чангарсан байна. Түүнчлэн хэрэглээний зээлийг хязгаарлах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг 30 хүртэл сар болгох, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70 хувиар тогтоох, валютын зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлснээр банкуудын гадаад валютаар зээл олгох сонирхлыг бууруулах, бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн, 11 хувьд хүргэснээр төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна” гэж мэдэгдсэн юм.

  • Ханшийн өсөлттэй зэрэгцэн инфляцийн өсөлт бас эрчээ хадгалах вий гэсэн болгоомж дагаж буй. Манай улс ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн гаднаас авдаг нийлүүлэгчдээс гарах зардал ханштай холбоотойгоор өсөх нь, эргээд хэрэглэгчдэд очиж буй үнэ дээр нэмэгдэх зүй тогтолтой. Тиймээс ханшийн өсөлтийг дагаад эрсдэлүүд яригдахаас өөр аргагүй.

Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл хэлэхдээ “Хэрэв эдийн засагт халалтын шинж тэмдэг илрэх нь гэж үзвэл тухайн үед нь тохирсон арга хэрэгслийг ашиглаж хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Ямар арга арга хэрэгслүүд байна вэ гэвэл Төв банкны хувьд нээлттэй захын үйл ажиллагаа, заавал байлгах нөөц, байнгын санхүүжилтийн хэрэгслүүд гэх мэт стандарт арга хэрэгслүүдтэй. Мөн 2018 оноос макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шинэ мандаттай болсноор стандарт хэрэгслүүдээр удирдах аргагүй санхүүгийн эрсдэлүүдэд тохирсон арга хэмжээг авах боломжтой болсон. Ингэснээр үндсэн хэрэгсэл болох бодлогын хүүний үр нөлөөллийг дээшлүүлнэ гэж үзэж байгаа. Тухайлбал 2019 оноос хэрэглээний зээлд өр орлого болон хугацааны хязгаарлалтыг тавьсан макро зохистой бодлогын арга хэмжээ нь эдийн засаг дахь банкны санхүүжилтийг хэрэглээнээс хөрөнгө оруулалт руу чиглүүлэх, өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, банк санхүүгийн системийг эмзэг байдалд оруулахаас сэргийлэх зэрэг ач холбогдолтой. Макро зохистой бодлогоор хэрэглээний зээлийн хурдтай өсөлтийг хязгаарлах нь зээлээр санхүүжих хэрэглээг нэмэгдүүлэхгүй байх, импорт, төлбөрийн тэнцэл дээрх дарамтаас үүдэлтэй ханшаар дамжаад үнийн түвшинд үзүүлэх нөлөөллийг зохистой удирдахад дэмжлэг болно гэж үзэж байгаа. Энэ нь эргээд бодлогын хүүд илүү орон зайг олгоно гэсэн үг. Мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болох Бодлогын хүү өөрөө эдийн засаг дахь санхүүжилтийн хэмжээ, өртөг, ханш, цаашдын хүлээлт зэрэг гол сувгуудаар дамжаад хэрэглээ, хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эрэлт талд нөлөөлнө. Ингэхдээ тодорхой цаг хугацааны дараа бүрэн нөлөөлөл нь арилдаг. Иймээс мөнгөний бодлогоор эрэлтийг үйлдвэрлэлийн потенциал түвшинтэй нь нийцтэй удирдах замаар инфляцийг зорилтот түвшинд хадгалж, ирээдүйд үнийн тогтвортой байдлыг хангахыг зорьж байна гэсэн үг. Одоо цаг дээр инфляци эрэлт нийлүүлэлтийн шалтгаанаас болж дээш доош хэлбэлзлээ ч, түүний учир шалтгааныг шинжилсний үр дүнд үнэхээр бүтцийн тогтмол шинж чанартай өөрчлөлт бий болов уу, эсвэл түр зуурын нөлөөтэй зүйл үү, эдийн засгийн идэвхжил цаашид яах төлөвтэй зэргээс хамаараад дээрх арга хэрэгслүүдийг хослуулан хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр төв банк дунд хугацаанд үнийн түвшний өсөлтийг зорилтот түвшинд тогтворжуулж, инфляцийн дарамтгүй тогтвортой эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна” гэж байр сууриа илэрхийлээд байна.