АМГТГ: Монгол Улсад 203 мянган тонн литийн таамаг нөөц байна

2018 онд олон улсад 2.1 сая цахилгаан автомашин худалдаалагдсан бөгөөд 2040 он гэхэд 60 сая болж өснө гэж “Bloomberg New Energy Finance”-ийн судлаачид тооцоолжээ. Энэ төрлийн автомашинд цахилгаан хөдөлгүүрийн лити-ион батарей буюу цэнэг хураагуурт лити 20 хувь, кобальт 20 хувь, никель 60 хувь ордог.

Тиймээс кобальт болон литийн эрэлт 2050 он гэхэд 25 дахин өсөх төлөвтэй гэж “Metabolic” таамаглажээ. Литийн эрэлт жилд 30 хувиар нэмэгдэж, 2018 онд 94 мянган тонн байсан эрэлт 2020 онд нэг сая тонн болно гэж “Risc” тооцоолсон байна. Литийн тогтоогдсон нөөцийн 52 хувь буюу 750 мянган тонн нь Чилид, 22 хувь буюу 320 мянган тонн БНХАУ-д байна.

Харин Монгол Улсын хувьд литийн таамаг нөөц 203 мянган тонн гэж тогтоосон бөгөөд литийн 2 ордыг Ашигт малтмал, Газрын тосны газар бүртгэж авчээ. Дундговь аймагт орших Хөх Дэл ордын баттай нөөц 37.7 мянган тонн, харин бодитой нөөц нь 151.3 мянган тонн юм байна. Литийн хүдрийн нөөц нь нийт 122.3 мянган тонн гэж г Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.

Үүнээс гадна Дундговь аймгийн нутагт орших Мөнхтийн Цагаан Дөрвөлжин ордын бодитой нөөц 14 мянга 575 тонн гэж тогтоогджээ. Харин литийн хүдрийн нөөц хоёр сая 260 мянган тонн юм.

Монголын литийн салбарыг гаднынхан сонирхож байгаа бөгөөд тухайлбал, БНСУ-ын “Posco” группийн охин компани “Posco Daewoo” өнгөрсөн онд “Эрдэнэс Монгол” ХХК-д "Газрын ховор элемент, литийн хайгуулд хамтрах сонирхолтой" байгаагаа илэрхийлжээ.

Харин олон улсад БНСУ-ын “Samsung Sdi” болон “Posco” БНХАУ-ын “Sichuan Fulin Industrial Group”, Чилийн “Molymet” гэсэн компаниудаас бүрдсэн консорциум Чилийн хойд нутагт литийн орд газарт 754 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалт өгөөд байгаа юм.