Алтны ханшийн 2019 оны төлөв

 

Олон улсын зах зээлд худалдааны маргаанаас улбаалсан эрсдэл байгаа ч хөрөнгө оруулалтын аюулгүй хэрэгсэл гэгддэг алтны ханш энэ онд төдийлөн өсөөгүй, тав орчим хувиар буураад байна. Ийнхүү буурахад ам.долларын ханш чангарсан нь голлон нөлөөлсөн гэдэгтэй дийлэнх шинжээчид санал нэг байна. “Bloomberg Intelligence”-ийн судалгаагаар ам.долларын ханш чангарахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь Холбооны Нөөцийн банкны бодлого. Мөн БНХАУ юанийн ханшийг доогуур барих шууд бус аргачлал хэрэглэж байгаа нь ам.доллар өндөр тогтоход нөлөөлж байна гэж дүгнэжээ. “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчид энэ онд Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал 77 хувьтай гэж дүгнэсэн байна. Энэ нь шар металлын ханш ирэх оны эхээр сулрах магадлалыг нэмэгдүүлж байгаа ажээ.

Нөгөө талаас улс төрийн гэнэтийн шийдвэрийн нөлөөнд олон улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ унаж болзошгүй байна. Ийм тохиолдолд тэргүүлэх гүрнүүдийн эдийн засагт нөлөөлж болзошгүй тул хөрөнгө оруулагчид Засгийн газрын бонд гэхээс илүүтэй алтанд хөрөнгө оруулах магадлал өндөртэй байгаа аж. Энэ нь шар металлын үнэлгээг өсгөнө гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцож байна.