Хонконгт 3600 гаруй зорчигчтой усан онгоцыг тусгаарлалаа

Хонконгт 3600 гаруй зорчигч бүхий “World Dream” усан онгоц мөн карантинд ороод байна.

Лхагва гарагийн /2020.02.05/ орой тус хөлгийн 33 зорчигчоос амьсгалын дээд замын өвчний шинж тэмдэг илэрсэн талаар USA Today мэдээлжээ. Өндөр халуунтай гурван зорчигчийг эмнэлэгт тусгаарлаад байгаа бөгөөд шинжилгээний хариу эерэг гарчээ. Хөлөг онгоц дээр 1871 зорчигч, онгоцны багийн гишүүн, үйлчилгээний албаны 1820 хүн байна.

Хөлөг онгоц лхагва гарагт /2020.02.05/ Тайваниас Хонконгт иржээ. Ихэнх зорчигчид Хонконгийн оршин суугчид бөгөөд Австрали, Их Британи, Канадын иргэд мөн байгаа аж.

Шинжилгээний хариу бүрэн гартал зорчигчдыг усан онгоцноос буулгахгүй гэж Хонконгийн захирагч Кэрри Лэм мэдэгджээ.