ОХУ-ын Ерөнхий сайдад Михаил Мишустинийг нэр дэвшүүлжээ

 

ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох мэдэгдэл хийсний дараа тус улсын ерөнхийлөгч Владимир Путин шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлжээ.

Ерөнхий сайдын албан тушаалд холбооны татварын албаны дарга Михаил Мишустины нэрийг дэвшүүлэх саналыг Төрийн Думд оруулсан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

Путин өчигдөр орой Мишустинтай уулзах үеэрээ санал тавьсныг нэр дэвшигч зөвшөөрчээ. Энэ асуудлыг өнөөдөр засгийн газар нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм байна.  

53 настай Михаил Мишустин нь 1998 оноос татварын албанд ажиллаж байгаад  2010 оноос эхлэн холбооны татварын албаны дарга болжээ. Тэрээр дунд нь хоёр жилийн хугацаанд хувийн бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай эдийн засгийн ухааны доктор аж.

Өчигдөр Владимир Путин тус улсын парламентад тавьдаг жил тутмын илтгэлдээ ОХУ-ын үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Тэдгээрийн дотор парламентын эрх мэдлийг нэмэгдүүлэх санал багтсан байна. Өөрөөр хэлбэл, засгийн газар ерөнхий сайдаа сонгох эрхтэй болох юм. Илтгэлийн дараа Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай мэдэгдлийг гаргасан билээ. Путин Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг Медведевт санал болгосон байна.

Эх сурвалж: dw.com