ОУВС тэтгэврийн зээл тэглэснийг шүүмжлэв

Архивын гэрэл зураг ашиглав.

УИХ 776 тэрбум төгрөгийн бонд босгож, 6 хүртэл сая төгрөгийн тэтгэврийг тэглэх хуулийг хэдхэн цагийн өмнө батлав. Олон нийт, эдийн засагчид, зарим сөрөг хүчнээс хүчтэй эсэргүүцсэн ч хуулийг батлав.

Тэгвэл энэ хуультай холбоотой шүүмжлэл гадна талаас ч ирж эхэллээ. Олон улсын Валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готлиб Ройтерс агентлагт илгээсэн мэдэгдэлдээ “Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тэтгэврийн зээлийг цуцлах энэ санал 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөртэй нийцэхгүй байна” гэжээ. 

Эрх баригчдын популист амлалт ДНБ-нд эзлэх өрийг 2 хувиар нэмж (одоо манай улсын нийт өр 22.6 их наяд төгрөг байна), инфляц, төгрөгийн ханшид дарамт учруулна гэж анхааруулжээ.

Мөн Х.Баттулгын ажлын хэсэг баасан гарагт тайлбар хийх хүсэлтэд шууд хариу өгсөнгүй гэдгийг дурдсан байна. 

Манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан, тус сангийн өмнө олон үүрэг хүлээсэн юм.  

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай хийх хэлцэлд оролцон, гарын үсэг зурсан. 2017 оны тавдугаар сарын 24-нд баталсан хэлэлцээг дараагийн Засгийн газар хөлбөрөлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй.

ЗАСГИЙН ГАЗАР ОУВС,ТОМООХОН ДОНОРУУДААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСНЫХАА ХАРИУД ЮУ
АМЛАСАН БЭ?

1. Банкны салбарыг эрүүлжүүлэх хүрээнд

-Активын чанарын үнэлгээ хийх, 
-Банкуудын активын чанарыг шалгах, сайжруулах, банкуудад магадлан шинжилгээ хийх
-Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах
-Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх      

2. Төсвийн хүрээнд

-Улсын төсвийн сахилга батыг сахин, төсвийн алдагдлыг алгуур бууруулах,
-Бэлэн мөнгө тараах гэх мэт халамжийн арга хэмжээг танах,
-Төсвийн зардлыг бууруулан, татвар нэмэх замаар орлогоо өсгөх,
-Валютын нөөцөө өсгөх зэрэг болно.  

3. Макро эдийн засгийн түвшинд

-Эдийн засгийнхаа эрсдэл даах чадварыг бэхжүүлэх,
-Эдийн засгийн буфер бий болгох, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх,
-Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн секторын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах,
-Хөдөө аж ахуйн бодлогыг шинэ түвшинд гаргах,
-Макро эдийн засгийн зөв бодлоготой уялдуулан хүүгийн хувийг бууруулах,
-Мөнгөний бодлогоо хадгалан, инфляцийг хазаарлан, төлбөрийн тэнцлийг дэмжих.

2016 оны сонгуулийн дараа манайулсын эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн нь ил болсон юм. Ам.долларын үнэ хэдхэн хоногт 2000-аас 2500 төгрөгт хүрч, Сангийн яам төрийн албан хаагчдын цалин,тэтгэвэр тэтгэмжээ хугацаанд нь тавьж  чадахгүйд хүрсэн байв. Энэ хүнд үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан, “Бид цаашид эдийн засгаа эрүүл ухаанаар удирдана” гэж Төрийн ордондоо хэвлэлийн бага хурал хийн, дэлхий дахинаа зарласан. Гэвч дараагийн сонгуулийн жил эхлэв үү үгүй юу эрх баригчид төсвийн зардлыг бууруулах, шаардлагагүй зардал гаргахгүй байх, хавтгайрсан халамжийн бодлого явуулахгүй гэсэн хэд хэдэн амлалтаа санаатайгаар зөрчив.