НЗДТГ-аас бүх цаасан бичиг баримтыг цахимаар авахаар боллоо

Коронавирусийн халдвараас сэргийлэхээр бүх цаасан бичиг баримтыг цахимаар хүлээн авна. 

Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн нийслэлээс авах төрийн үйлчилгээ, албан хэрэг хөтлөлтийг цахимаар илгээх боломжтой болж байна.

Иргэд 400 гаруй үйлчилгээг төрөөс авдаг бөгөөд 300 гаруйг нь нийслэлээс үзүүлдэг байна. Тиймээс эдгээр үйл ажиллагааг яаралтай цахимжуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

ААН, байгууллагууд ulaanbaatar.mn сайтын “Албан бичиг” гэсэн хэсгээр орж тоон гарын үсгээ бүртгүүлснээр цахимаар бичиг баримтаа дамжуулах боломжтой болж байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Өнгөрсөн хугацаанд бид 800 гаруй бичгийг цахимаар солилцсон. Ингэснээр хүргэх хугацааг богиносгож, зардал буурсан. Нэг албан бичгийг явуулахын тулд тухайн бланк, принтерийн хор, дугтуй, шуудангийн зардал гээд тооцвол 1500 төгрөг орчим болдог. Цахим албан бичгийг нэвтрүүлснээр гарах зардлаа 40-60 хувь бууруулсан. Өнөөдрөөс эхлэн нийслэлтэй харилцаж буй аж ахуйн нэгжүүд цахиаар албан бичгээ илгээх боломжтой” гэсэн юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбат “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлсний үр дүнд төрийн үйлчилгээ цахимжиж байна. Одоогийн байдлаар 54 үйлчилгээг цахимаар хүргэх борломжтой болсон бөгөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн тоог нэмж, төлбөр тооцоог илүү хялбар болгоод байна. Өвчлөл гарсан үед албан бичгийг биеэр хүргэж өгөхгүй байх нь чухал. Бичиг баримт дамжуулах нь халдварыг тараах нөхцөл болох магадлал байгаа учраас ийнхүү цахим системийг ажиллуулах захирамжийг гаргана” гэлээ.