Коронавирус дэлхийн эдийн засгийг хямраах уу?

Коронавирус дэлхийн эдийн засгийг хямраах уу?

Өмнө нь 2002-2003 оны хооронд гарсан “SARS” халдварт өвчин дэлхийн 37 оронд тархаж, 750 орчим хүн амь үрэгдсэнээр дэлхийн эдийн засагт 30-50 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж тооцдог. Харин коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 1011 хүн нас барж, 42 мянга гаруй хүн халдварласнаас үзвэл “SARS” өвчнөөс илүү хор хөнөөлтэй, эдийн засгийн хохирол ч илүү байх болно.

Коронавирусийн халдвар нь “SARS” өвчнөөс зургаа дахин илүү хурдацтай тархаж байна. Хятадын эдийн засаг өнгөрсөн 2019 онд зургаан хувийн өсөлттэй гарсан нь сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт 2010 онд 10.2 хувьд хүрч байв. Энэ 2020 оныг Хятадын эдийн засгийн сэргэлтийн үе байх тооцооллыг шинжээчид урьдчилан таамаглаж байсан ч дэлхийн 20 гаруй оронд тархсан коронавирусийн халдварын нөлөөгөөр энэ өсөлт 5 хувь хүрэх эсэх нь ч эргэлзээтэй болов. Хятад болон АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайны улмаас Хятадын эдийн засаг багагүй саарсан билээ. Коронавирусийн халдварын уршиг Хятадын хэрэглээний бараа, бизнес, засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аж. Хятадын томоохон аж үйлдвэр, бүс нутгийн төв бөгөөд автомашин үйлдвэрлэлийн цөм, гадаадын хөрөнгө оруулагчдын соронз гэгддэг Ухань хотод коронавирусийн халдвар гарснаар хөл хорио тогтоогоод удлаа. 11 сая орчим хүн амтай Ухань хотод 31 их сургуультай бөгөөд үүнийгээ дагаад боловсрол, шинжлэх ухааны бааз болдог.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Үхлийн аюулт халдварт өвчний улмаас хамгийн их хохирол амсаж буй салбар бол аялал жуулчлал. Хятадын дотоодын аялал жуулчлалын салбарын орлого Цагаан сарын баярын үеэр огцом нэмэгддэг. “Их нүүдэл” гэж нэрлэгддэг тэрбум гаруй хүний Цагаан сарын золголт коронавирусийн улмаас хөл хорионд оржээ. Хятад болон Ази тив даяар олон тооны нислэг, зочид буудлын урьдчилсан захиалга цуцлагдаж, хэд хэдэн орон хятадуудын эсрэг хилийн хориг тавилаа. “Capital Economics” агентлагийн ахлах эдийн засагч Нейл Шийрингийн тооцоолсноор энэ онд Хятадын Цагаан сарын хөл хөдөлгөөн өмнөх 2019 оныхоос 55 хувиар буурчээ. Мөн Ази даяар жуулчдын олонхыг эзэлдэг хятадуудын эсрэг хилийн хориг тавьснаар бүс нутгийн аялал жуулчлал үндсэндээ зогсонги байдалд ороод байна. Хэрэв хямрал энэ хэвээр үргэлжилбэл аялал жуулчлалын салбарын хохирол улам нэмэгдэнэ. Өнгөрсөн оны есдүгээр сараас энэ 2020 оны есдүгээр сарын хооронд Хятадын 173 сая хүн жуулчилж, 250 тэрбум ам.долларыг зарцуулсан нь дэлхийн аль ч үндэстнээс илүү байна. Хөл хорионоос болж Цагаан сарын амралт цуцлагдаж, жуулчдыг татдаг газрууд хаалгаа барьж, кино театрууд хүртэл үйл ажиллагаагаа зогсоожээ. Хятад даяар “Starbucks” кафены 2,000 салбар, “McDonald” рестораны олон зуун салбар, “Uniqlo” хувцасны дэлгүүрийн 130 салбар, “Ikea” тавилгын дэлгүүрийн 30 салбар бүгд хаалгаа барьжээ.

БИЗНЕС

Нөхцөл байдал энэ хэвээр эсвэл бүр хүндэрвэл Хятадын автомашин үйлдвэрлэл, цахилгаан бараа, аж үйлдвэрийн салбар хохирол амсч эхлэх болоод байна. Олон улсын томоохон корпорацууд ихэвчлэн Хятадын үйлдвэрлэлд түшиглэдэг. Тухайлбал, АНУ-ын технологийн “Apple” корпорацын 800 ханган нийлүүлэгчийн 290 нь Хятад улсад байрладаг байна. Түүнчлэн дэлхийн телевиз үйлдвэрлэлийн 9 хувийг Хятадад үйлдвэрлэдэг. “DHL’s Resilience 360” индексийн тооцооллоор Ухань хотод хөл хорьсноор бүх үйлдвэрлэлийн 50 хувь, технологийн ханган нийлүүлэлтийн 25 хувь нь зогсчээ. АНУ болон Европын автомашин үйлдвэрлэгчид алдагдалд ороход долоо хоногийн л хугацаа үлдсэнийг анхааруулж байгаа юм. Тухайлбал, “Hyundai” автомашины брэнд Хятадаас автомашины тоног, эд анги орж ирэхгүй болсноор Өмнөд Солонгост бүх үйл ажиллагаагаа зогсоосон байна. АНУ-ын керамик, шил шаазан үйлдвэрлэгчид Хятадад 19 үйлдвэр байгуулж, 5000 гаруй хүнийг цалинжуулдаг.

ГАЗРЫН ТОС

Хятадын Ухань хот болон Хубэй мужид олон тооны үйлдвэр, компаниуд хаалттай байна. Мөн хөл хорио тогтоосноос үүдэн хэрэглээ танагдсанаар газрын тосны үйлдвэрлэл өдөрт 600 мянган баррелиар буурчээ.

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн орнуудын эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай байдаг. Өмнө нь Хятадын валютын үнэгүйдүүлснээр  1997-1998 оны хооронд Азийн хамгийн том санхүүгийн хямралд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж буруутгадгийг энд дурдах нь зүйтэй. Япон улс бусад орноос чинээлэг эдийн засагтай боловч Хятадтай гүнзгий холбогджээ. Японы аж үйлдвэрийн машин технологийн хамгийн том худалдан авагч нь хятадууд байдаг ба эргээд Хятадад үйлдвэрлэсэн тоног, төхөөрөмжүүд бусад орнууд руу гардаг аж. Мөн Японд жил бүр ирдэг олон сая жуулчдын олонх хувийг хятадууд эзэлдэг аж. Хятадад өвчин гарснаар Японд ирэх жуулчдын тоо 2020 оны эхний улиралд 400 мянга гаруйгаар буурчээ.

НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ХӨНГӨН ЦАГААН

Коронавирусийн халдвар гарснаас өнгөрсөн нэгдүгээр сарын 15-аас хойш газрын тос, зэсийн үнэ 10 хувиар унажээ. Харин төмрийн үнэ найман хувиар унав. Хятадын таваарын биржүүд энэ долоо хоногт эргэн нээсэн ч ашигт малтмалуудын үнэ унасаар байна. Халдварт өвчний хөл хорионоос болж таваарын эрэлт энгийн үетэй харьцуулахад их хэмжээгээр буурчээ. Хятадын урт амралт, хөл хорионы улмаас барилгын ажил зогссоноор гангийн эрэлт хоногт 15-20 тонноор багассан байна. Хятадын бүх мужууд өчигдрөөс эхлэн үйлдвэрлэл, ажиллагаагаа сэргээхээ мэдэгдсэн. Хятад улс коксжих нүүрсний импорт, олборлолтынхоо 90 хувийг гангын үйлдвэрлэлд ашигладаг. Хятадын боомт, төмөр замын дэд бүтэц хэвийн ажиллаж байгаа учир олон улсын коксжих нүүрсний нийлүүлэгчдэд хүндрэл үүсэхгүй байна. Харин улс орнуудын импорт , экспортын хориг дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэд нөлөөлөх аж. Коксжих нүүрснээс гадна Хятадын гангийн үйлдвэр төмрийн хүдрийн импортод ихээр түшиглэдэг ба 80 хувийг эзэлж байна. Хөнгөн цагааны импорт дотоодын цахилгаан бараа, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн 60 орчим хувийг бүрдүүлдэг. Экспорт, импортын хориг, саатал нь хоёрдугаар сарын дунд үеэс богино хугацаанд хөнгөн цагааны үнэд нөлөөлөх аж.

Австралийн засгийн газраас хоёрдугаар сарын 1-ээс 14 хоногийн хугацаанд Хятад руу явах хөлөг онгоцны тээвэрт хориг тавьснаар нүүрсний тээвэрлэлт зогсох болжээ. Австралийн Нью-Кастл боомтоос өнгөрсөн Лхагва гаригт тонн нүүрсийг 5,87 ам.доллароор тээвэрлэсэн нь сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн хямд үнэ байв. Өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сард тонн нь 16,49 ам.доллар байжээ.

Мөн өчигдөр Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр Хятад руу нүүрс экспортолдог гол боомтуудын нэг Гашуун-Сухайтыг хаах шийдвэр гаргасан билээ.