Капитал банкны зээлдэгчид өр төлбөрөө төлөхгүй бол ил тод зарлана

Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр  “Капитал” банк татан буугдаад арван сар болж байна. Тэгвэл өнөөдөр /2020.02.06/ “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл мэдээлэл хийлээ. Банкны эрх хүлээн авах үйл ажиллагааны хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хийгдсэн ажлын талаар мэдээллийг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар нийт 355 088 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 110.6 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулсан гэж Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш хэлж байна.

Санхүүгийн тайлангийн үзүүлэлтэд өнгөрсөн арван сарын хугацаанд гарсан өөрчлөлтийг танилцууллаа. 

 

Нийт хөрөнгө

 

  • 2019.04.10 – 131,230,47 сая төгрөг
  • 2019.12.31- 125,224,85 сая төгрөг

 

Нийт өр төлбөр

 

  • 2019.04.10 – 624,668,05 сая төгрөг
  • 2019.12.31-  610,782,71 сая төгрөг

 

Өр төлбөр ба Эзэмшигчдийн өмч

 

  • 2019.04.10 –  131,230,46 сая төгрөг
  • 2019.12.31-  125,224,85 сая төгрөг

 

Тухайлбал: Гадаадын банк, санхүүгийн байгууллагууд дахь 18 ностро дансыг хааж, нийт 612.5 сая төгрөгтэй тэнцэх гадаад валютаарх  мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь харилцан дансандаа төвлөрүүлжээ.

 “МИК холдинг” ХК-ийн 356,110 ширхэг хувьцааг нийт 4.05 тэрбум төгрөгөөр худалдаж, уг орлогоор Банкны эрх хүлээн авагчийн гаргасан өрийн бичгийн үндсэн төлбөрт  4 тэрбум төгрөг, түүний хүүний төлбөрт 52.5 сая төгрөг төлжээ.

Капитал банкны "МИК"-д худалдсан орон сууцны ипотекийн 1706 зээлдэгчийн 83 тэрбум төгрөгийн зээл тэнцлийн гадуур бүртгэлтэй байсныг “МИК ОССК” ХХК-тай гэрээ байгуулж, 83 тэрбум төгрөгийн багцыг Улаанбаатар хотын банк болон Хаан банк руу тус тус шилжүүлжээ.

Капитал банк ХХК-ийн 354 260 харилцагч, иргэн, байгууллагын даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрт нийт 44.7 тэрбум төгрөгийг Хаан банкинд шилжүүлсэн.

Төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч баталгаажуулж, дараалалт орсон 827 нэхэмжлэгчийн 65.9 тэрбум төгрөгийг барагдуулсан. Нийтдээ 110.6 тэрбум төгрөгийн төлбөр аж.

Банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлага баталгаажуулах ажлын үр дүнд 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар дутуу бүртгэсэн байсан 7.9 тэрбум төгрөгийн хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийг зардлаар, банкны санхүүгийн тайланд бүртгээгүй байсан эрх зүйн хувьд баталгаажсан нийт 8.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийг зардлаар тус тус нөхөж бүртгэснээр нийт 628.5 тэрбум төгрөгийн банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулсан гэлээ.

Уг баталгаажуулсан дүнгээр харилцах, хадгаламжийн данснаас банкны бусад өр төлбөрийн дансанд шилжүүлэн бүртгэсэн. Оны эцэст төлбөрийн дараалалд орсон 89 нэхэмжлэгчийн нийт 562.6 тэрбум төгрөгийн төлбөр үлдсэн гэв.

Банкны эрх хүлээн авагч нийт 50 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргасан бөгөөд жилийн эцсийн байдлаар 8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийж, өрийн үлдэгдэл 42 тэрбум төгрөг байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Капитал банкинд хамаарах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа 246 гүйцэтгэх баримт бичгийн судалгааг авч, зээл барагдуулах ажиллагаанд ашиглаж байгаа аж.

Банкны эрх хүлээн авагч нь Монголбанкны туслах ажлын хэсгээс 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 241 тэрбум төгрөгийн зээлийн багц, үүнээс 84.9 хувь буюу 204.7 тэрбум төгрөгийн чанаргүй зээл хүлээн авчээ.

Банкны зээлийн багц 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 211.7 тэрбум төгрөг байгаагаас 90.8 хувь буюу 192.3 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.

Эрх хүлээн авагч ажиллаж эхэлснээс хойш нийт 65 зээлдэгчээс 94.5 тэрбум төгрөгийг нэхэмжлэх шаардлагыг анхан шатны шүүхэд гаргаж ажиллажээ.

Зургаан зээлдэгчийг эрэн сурвалжлах захирамж гаргуулж, олдохгүй байгаа зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгүүдээр өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа гэв.

Түүнчлэн тус банкнаас зээл авсан томоохон зээлдэгчдийг өр төлбөрөө төлөхгүй тохиолдолд ил тод зарлах арга хэмжээ авна гэлээ.

Капитал банк төлөх үүрэгтэй 1.9 тэрбум төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хуульд заасны дагуу татан буулгах комисс буюу эрх хүлээн авагчид шилжүүлж авчээ.

Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох 1902002900121 дугаартай эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор  “Капитал банк” ХХК, түүний охин компаниудын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос төлбөр барагдуулах ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас зогсонги байдалд байна гэлээ.

Нийт 220 гаруй үл хөдлөх хөрөнгө, газар битүүмжтэй байгаа бөгөөд эдгээр хөрөнгийн татвар, газрын төлбөр, харуул хамгаалалт, засварын зардал, тогтмол зардлууд нэмж гарсаар байгаа аж.

Уг битүүмжлэлийг цуцлуулахаар прокурорын дээд шатны удирдлагуудад хүсэлт гаргасан боловч эрүүгийн хэргийг шийдэгдтэл битүүмжтэй байх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Монголбанкны зүгээс Монгол Улсын Ерөнхий прокурорт энэ талаар хүсэлт гаргасан ч адилхан хариу өгчээ.