Зээл, хүү төлөх хугацааг хойшлуулах санал хүргүүлжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монголын банкны холбоо болон зарим арилжааны банкуудад нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоодод олгосон зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх хугацааг хойшлуулж алдангиас чөлөөлөх чиглэлээр хамтран ажиллах санал өнөөдөр хүргүүллээ.  

 

Дэлхийн улс оронд тархсан шинэ коронавирусний халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдэлийг бууруулах зорилгоор нийгэмд тулгарч буй олон асуудлыг шийдэхэд санаачилга гаргахыг хүсэж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Саналыг Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Ариг банк, Кредит банк, Хаан банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад тус тус хүргүүлжээ. 

 

Уг саналд "Короновирусний халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Онц байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг үндэслэн тус яаманд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг хадгалах бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй “Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан гамшгийн эрсдэлээс хамгаалах штаб”-ыг байгуулан ажиллаж байна.

 

Иймд та бүхнийг энэ цаг үед хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй  үйл ажиллагаагаа уялдуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоодод олгосон зээлийн үндсэн төлбөр, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү, алдангиас чөлөөлөх, сэргээн босголтын үеийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Та бүхнийг улс орон, ард түмнээ дээдэлсэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаанд талархсан, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан" гэжээ.