БНСУ эдийн засгаа хамгаалахаар шуурхайлж байна

БНСУ-ын парламент коронавирусийн тархалтаас үүдэлтэй сөрөг нөлөөллөөс эдийн засгаа хамгаалах зорилгоор нэмэлт санхүүжилт батлахаар нэн яаралтай арга хэмжээ авч ажиллалаа. Тус улсын Үндэсний Ассемблей мягмар гарагийн хуралдаанаараа 11.7 их наяд вон буюу 9.4 тэрбум ам.долларын тусгай төсөв баталсныг Сангийн яам нь мэдээлэв. Үүний 800 тэрбум воныг татварын орлогын дутагдлыг нөхөхөд зориулах бол 10.9 их наяд воныг зарцуулах аж.

Өмнөх төсвийн тодотголууд нь олон долоо хоногийн турш улс төрийн зөрчилдөөн үргэлжилсний эцэст батлагдаж байсан. Харин одоо шинэ вирус хурдацтай тархаж, эдийн засагт нөлөөлөөд эхэлсэн тул хууль тогтоогчид төсвийн тодотголыг хэдхэн өдрийн дотор шийдсэн нь энэ юм.

Ийнхүү эрх баригчид яаралтай арга хэмжээ авч байгаагийн бас нэг илрэл нь БНСУ-ын Tөв банк даваа гарагт шуурхай хуралдаж, бодлогын хүүгээ бууруулж түүхэн доод түвшинд хүргэсэн шийдвэр байлаа. Цар тахлын улмаас тус улсын аялал жуулчлал, худалдааны салбар ихээхэн хохирол амсаад байгаа төдийгүй эдийн засгийнх нь өсөлт 10 гаруй жилийн хамгийн доод түвшинд хүрнэ гэсэн таамгийг шинжээчид гаргаад буй.

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин мягмар гарагт парламентын гишүүдэд хандан үг хэлэх үеэрээ дэлхийн санхүүгийн хямралтай харьцуулахад цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө илүү хүчтэй байж мэдэхээр байгааг онцолсон. Тиймээс “Төсвийн тодотгол зөвхөн эхлэл байх болно. Нөхцөл байдал маш хүнд байгаа тул дорвитой арга хэмжээ авах ёстой” хэмээн мэдэгджээ. БНСУ-ын парламентын сонгууль ирэх сард болох ба сонгогчид ерөнхийлөгч Мун Жэ Ин болон түүний намыг энэхүү хямралыг шийдэх чиглэлд хэрхэн ажилласнаар нь дүгнэж магадгүй юм.

БНСУ төдийгүй дэлхийн бусад улс орнууд ч вирусийн тархалт, түүнээс улбаатай эдийн засгийн хүндрэлийг шийдэх зорилгоор төсвийн зарцуулалт хийж байна. Засгийн газруудын зарцуулахаа мэдэгдээд байгаа болон зарцуулахаар судалж буй нийт төсвийн хэмжээ 187 тэрбум ам.доллар хүрээд байгаа аж. Зарим нь бэлэн мөнгө тараах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа бол бусад нь татварын хөнгөлөлт, зээлийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.