АМГТГ: 2019-2020 онд жоншны 12 төсөл ТЭЗҮ-ээ батлуулсан

Дорноговь, Хэнтий аймагт жоншны шинэ төслүүд олноороо эхэлж байгаа, дэлхийн зах зээлд үнэ ханш таатай байгаа ч тээвэр, дэд бүтэц болон жишиг үнийн асуудал жонш экспортлогчдод бэрхшээл болсоор байгаа талаар салбарынхан онцолж байна.

2020 онд жоншны ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд 78 талбайд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд нь Ашигт малтмал, Газрын тосны газарт хүргүүлжээ. Энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж тус байгууллага мэдээллээ.

Үүнээс гадна Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2019-2020 онд шинээр ашиглалтад орох уурхай, уулын үйлдвэрийн 53 төслийн ТЭЗҮ-ийг хүлээж авсан байна. Үүний 22.6 хувь буюу 12 нь жоншных байгаа аж. Дорноговь аймагт хамгийн их буюу жоншны долоон орд, Хэнтий аймагт жоншны гурван төсөл шинээр эхлэх гэж байна.

Монгол Улс жоншны үйлдвэрлэлээр дэлхийд БНХАУ, Мексикийн дараа гуравдугаарт ордог, томоохон ханган нийлүүлэгч бөгөөд 2019 оны эхний 11 сард нийт 631 мянган тонн жоншийг 187.2 сая ам.доллароор экспортолжээ. Үүний 75.8 хувийг БНХАУ-д, 24 хувийг ОХУ-д, 0.2 хувийг БНСУ-д нийлүүлжээ.

Монгол Улсын жоншны экспортод металлургийн бүхэллэг жонш дийлэнх хувийг бүрдүүлдэг. Харин сүүлийн хоёр жилд флотацийн баяжмал буюу баяжуулсан жоншны экспорт өссөн байна. Өөрөөр хэлбэл нэмүү өртөг шингээсэн жоншны баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

Дэлхийн зах зээлд үнэ таатай байгаа, олборлолт, борлуулалт нэмэгдэж байгаа боловч жоншны экспортлогчдын хувьд Засгийн газраас тогтоож, татвар авдаг жишиг үнэ бодит гэрээний үнээс хэт өндөр байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа Жоншны холбоо илэрхийллээ. Мөн тээвэр логистикийн асуудал бэрхшээл болсоор байгааг дурдсан юм.

Хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сард экспортод гаргах жоншны баяжмалын үнийг тонн тутамд нь 406-415 ам.доллар, хайлуур жоншны хүдрийн үнийг 264-324 ам.доллар гэж тооцоолж байгаа талаар Сангийн яам мэдээллээ.


www.bloombergtv.mn