Монгол Австрийн бизнес эрхэгчид уулзалт хийлээ

Улаанбаатар хотын Худалдааны Танхим, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Австрийн Эдийн засгийн Танхим, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци хамтран "Монгол-Австрийн бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт"-ыг 6 дугаар сарын 10-ний өдөр Хангарьд ордонд зохион байгууллаа.

Тус бизнес уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Ж.Од тэргүүтэй 15 гаруй хувийн аж ахуйн нэгж, Нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-эрдэнэ, Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацийн Гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин, Австрийн талаас Монголд үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой компаниуд болон Австрийн Эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Ричард Шенз , Австрийн Эдийн засгийн Танхимын Хятад дахь төлөөлөгч Мартин Глатз нар оролцсон юм.

Уулзалтыг нээж Австрийн Холбооны Эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Ричард Шенз болон Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-эрдэнэ нар үг хэлэв.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” Төслийн зохицуулагч Ц.Баярсайхан, НБОНХГ-ын Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн хэлтсийн дарга Х. Марат “Экологи ногоон хөгжлийн стратеги хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр танилцуулга”, Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацийн Гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин “Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга” сэдвээр тус тус илтгэл тавьсан нь Австрийн бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа.

УБХТ-ын Ерөнхийлөгч Ж.Од, Бээжин дэхь Австрийн Худалдааны Танхимын ерөнхийлөгч нар бизнес уулзалтын 2-р хэсгийг нээж үг хэлэв. Тэд хэлсэн үгэндээ энэхүү уулзалт нь хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэн 2 танхимын үйл ажиллагааг танилцуулаад хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан юм.

Мөн Австрийн Эдийн засгийн Танхимын Хятад дахь төлөөлөгч буюу Бээжин дэх Австрийн ЭСЯ-ны худалдааны консул Мартин Глатз Монгол-Авсртийн худалдаа бизнесийн талаар санал бодлоо хуваалцаж Монгол улстай хамтран ажиллаж туршлага нэвтрүүлэх боломжууд бий гэдгийг онцлож байв.

Уулзалтын төгсгөлд хоёр орны бизнес эрхлэгчид танилцаж, хамтран ажиллах боломжуудын тухай ярилцлаа.