Хөрөнгө оруулагчдад илүү сайн бизнесийн орчныг санал болгох хэрэгтэй

 

-Бэлэн болж цаасан дээр хэдийнэ буусан төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт сэргэнэ-
 
“Женерал Электрик” компанийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ц.Түмэнцогттой ярилцлаа. Тэрбээр “Хүлээгдэж буй томоохон төслүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр богино хугацаанд хөрөнгө оруулалт сэргэх боломжтой” хэмээн үзэж байна. 
 
-Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Та төлөөлөн удирдах зөвлөлийнх нь гишүүн. Мөн “CEO” клубын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Таны харж байгаагаар хөрөнгө оруулалт ойрын хугацаанд сэргэх шинж байна уу?
 
-Эдийн засагт нөлөө нь богино хугацаанд шууд ирэх томоохон төслүүдээ цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай байна. Ялангуяа, одоо хүлээгдэж байгаа төслүүдээ хэрэгжүүлэхээс таны асуултын хариулт маш тодорхой болно гэсэн үг. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхааралд өртөөд байгаа ирээдүйтэй төслүүдээ эхний ээлжинд урагшуулах нь чухал байгаа юм. Тооцоо судалгаа нь бүрэн хийгдсэн, нийгэм, эдийн засгийн үнэлгээ нь тодорхой болчихсон, тархинд бус цаасан дээр хэдийнэ буучихсан байгаа төслүүдээ эрчимжүүлэхээс хөрөнгө оруулалт шалтгаална. Өөрөөр хэлбэл, хөрсөн дээр буухад бэлэн, хөдлөх нөхцөл нь бүрдчихсэн байгаа төслүүд хэрэгжиж эхлэх үед харьцангуй богино хугацаанд ажлын байр бий болгох, татвар төлөлтийг нэмэгдүүлснээр эдийн засагт эерэг өөрчлөлт гарах төдийгүй хөрөнгө оруулалт сэргэх боломжтой. Энэ нь өнөөгийн нөхцөлд хамгийн бодитой алхам.
 
-Хөгжлийн санхүүжилт улам үнэтэй болж эхэлсэн. Манай улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь эдийн засгийн өсөлт саарах нэг шалтгаан болоод байгаа. Энэ утгаараа хөрөнгө оруулалт татахад ихээхэн анхаарал хандуулах болсон. Та хөрөнгө оруулалтын орчинд ямар дүгнэлт өгөх вэ?
 
-Төсвийн орлогын бүтцээ харахад, манай улс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уул уурхайн салбараас хэт хамааралтай болжээ. Олон улсын түүхий эдийн зах зээлд манай улсын экспортолж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хугацаанд төдийлөн өндөр өсөлттэй байсангүй. Үнийн уналт үргэлжилж байна. Энэ нь биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлийн нөлөө гэж тодорхойлж болно. Харин дотоод орчны нөхцөл байдлаа бид өөрсдөө зөв тодорхойлж, түүнийг өөрчлөх, тогтвортой байлгах бүрэн боломжтой байсан. 
 
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын, хууль эрх зүйн болон зохицуулалтын орчин байнгын савалгаатай, тогтворгүй, доргионтой явж ирлээ. Үүний сөрөг нөлөөнд эдийн засгийн өсөлт саарлаа. Улмаар улс орны хөгжлийг дэмжих, иргэдийн орлогод сайнаар нөлөөлөх байсан төслүүд удааширч, зарим нь гацаанд ороод байна. Тиймээс хөрөнгө оруулалтын өнөөдрийн байгаа орчиндоо ханаж болохгүй. Бид илүү сайн орчныг хөрөнгө оруулагчдад санал болгох хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулалтыг хямд өртгөөр богино хугацаанд татах бололцоо гарна, боломж бүрдэнэ. 
 
-Хөрөнгө оруулагчдад байгаа манай улсын талаарх сөрөг ойлголтыг хэрхэн өөрчлөх боломжтой вэ?
 
-Монголд хөрөнгө оруулагчдыг үргээсэн олон алдаатай алхмуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн нь 2011 онтой харьцуулахад жилд дөрвөн тэрбум орчим америк долларын хөрөнгө оруулалт ордог байсан бол 2015 оны байдлаар 200 сая америк доллар болтлоо буурч, эдийн засгийн өсөлт удаашраад байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын дунд сөрөг таагүй ойлголтыг төрүүлж, Монголд итгэх итгэлийг бууруулаад байна. Алдсан итгэлийг сэргээх, хүний итгэлийг дахин олох амаргүй бөгөөд цаг хугацаа шаардлагатай.
 
 Өмнөх алдаагаа засч бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч байгаа нь үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Гэвч хууль эрх зүйн орчинд ойлгомжгүй, тодорхойгүй байдал хадгалагдсан хэвээр байна. Улс төрийн сонгууль дөхөж буй энэ үед хөрөнгө оруулагчид биднийг ажиглаж байгаа. Гол нь хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого тогтвортой байхаас их зүйл шалтгаална. 
 
-Энэ онд хөрөнгө оруулалт аль салбар дээр өсөх бол?
 
-Уул уурхайн хөрөнгө оруулалт ирэх онд “Оюутолгой” төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн нөлөөгөөр өсөх хүлээлт бий. “Оюутолгой”-н гүний уурхайн төсөл нь энэ онд эхэлж үр нөлөө нь 1-2 жилийн дараагаас мэдрэгдэж эхэлнэ. Мөн түүнчлэн уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна.
 
-Та эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байгаа вэ?
 
-Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк, бусад судалгааны байгууллагын ээлжит таамгаас үзэхэд, энэ оны эдийн засгийн төлөв голдуу сөрөг утгатай гарсан байна. Энэ нь юуны өмнө Монгол Улсын гол экспортын бараа болох зэсийн баяжмал, коксжих нүүрс болон төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өсөхгүй, бага талдаа байх төлөвтэй холбоотой. Өнгөрсөн онд эдийн засаг 2.3 хувиар өссөн. Энэ оны хувьд эдийн засгийн өсөлт саарахаар байна. Экспортын орлогыг бүрдүүлэх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сэргэх, эсэх нь тодорхойгүй байгаа.
 
 Бондуудын эргэн төлөлт цаг хугацааны хувьд шахагдаж эхэллээ. Төлөлт хийгдэх хугацаа нь тулаад ирлээ. Энэ нь санхүүгийн хувьд том ачаалал бий болгож байгаа. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд, богино хугацаанд эдийн засаг сайжрах, одоогийн байдал дээрдэхэд цаг хугацаа хэрэгтэй байна. Тэгэхээр дунд болон урт хугацааны буюу дараагийн 3-5 жилээс цааш хугацаанд эдийн засаг илүү өөдрөг төлөвтэй байх нь. Тиймээс том төслүүдээ цаг алдалгүй эхлүүлэх нь чухал байна. Төслүүд богино хугацаанд хэрэгжээд эхэлбэл эдийн засаг харьцангуй хурдан хугацаанд сэргэх боломжтой гэж харж байгаа. 
 
-Нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Татварын орчин бизнес эрхлэгчдэд хөгжих, тэлэх боломж олгож байна уу ?
 
-Татварын зохицуулалт цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж, сайжрах нь зүйн хэрэг. Гэхдээ суурь бодлого, зарчим нь тогтвортой, журам, дүрэм нь энгийн, ойлгомжтой байх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд ч ялгаагүй, гол шаардлага нь байдаг. Татварын шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэн. Эдийн засгийн харилцааг ил тод  болгох, татвараас зугтахаас сэргийлэх, далд эдийн засгийг бууруулахад нэлээн дөхөм арга хэмжээ болж байгаа. Татвараа шударгаар төлсөн нь буцаан авалт,  урамшуулал хүртдэг систем зөв. Хөрөнгө оруулагчдад татварын хувь хэмжээ их, бага байх нь төдийлэн чухал бус гол нь тогтвортой байх ёстой гэдэг.
 
-“Женерал Электрик” компани Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Ямар чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулж байна вэ?
 
-Эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим  хүч, уул уурхайн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн эмчилгээ, оношилгооны хэрэгсэл, санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бидний хувьд “Салхит”-ын салхин цахилгаан станцын төсөлд амжилттай оролцсон. Төсөл маш үр дүнтэй хэрэгжиж, эрчим хүч үйлдвэрлэж байгаа. “Женерал Электрик” компанийн хувьд 2009 оноос Монголд үйл ажиллагаа явуулахаар үндсэндээ сонирхож эхэлсэн түүхтэй. Ингэснээр 2011 онд албан ёсоор суурин төлөөлөгчийн газраа байгуулсан. Үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 
 
Эрчим хүчний салбарт тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна төслийн санхүүжилтын чиглэлээр хөрөнгө оруулалтад оролцож ирсэн. Үүнээс гадна уул уурхайн чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Мөн дээрх чиглэлийн санхүүжилт шаардлагатай төслүүдэд орж ажиллах сонирхол байгаа. “Женерал электрик” компани нь 2015 онд Францын “Алстом Энержи” компанийг худалдаж авсан бөгөөд нүүрсээр ажилладаг станцуудад сүүлийн үеийн зуух, уурын турбин генераторуудыг нийлүүлэх боломжтой. Цаашид эрчим хүч, төмөр зам, уул уурхайн чиглэлээр тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтарч ажиллах ихээхэн боломж байна гэж үзэж байна. 
 
-Маш олон жилийн түүхтэй компани яагаад Монгол Улсыг сонгох болсон юм бол?
 
-Монголын зах зээлийг сонирхолтой, ирээдүйтэй гэж харж байгаа. Тэр дундаа эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулах хүсэлтэй. Хоёр том зах зээлийн дэргэд байгаа гэдэг утгаараа маш ирээдүйтэй зах зээл. Компанийн түүхийг он тооллоор авч үзвэл 130 гаруй жилийн түүхтэй. Маш урт түүхтэй бөгөөд олон жилийн турш амжилттай ажиллаж байгаа. Гол нууц нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, сайн чанарын тоног төхөөрөмж нийлүүлдэгээрээ давуу талтай. Дэд бүтцийн тоног төхөөрөмж үнэтэй учраас давхар санхүүжилтийг нь шийдвэрлэж ирсэн. 
 
Манай компанийн алсын хараа  дэлхий нийтэд тулгарч байгаа асуудлыг шийдэж өгөхөд оршдог. Хүмүүст эрчим хүч шаардлагатай бол  эрчим хүч, тээвэрлэлт хийх бол дэд бүтцийг нь бий болгохыг зорьдог. Хэчнээн сайн шийдэл байлаа гээд санхүүжилт нь байхгүй бол хүн түүнийг худалдан авч чадахгүй. Тиймээс санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг. Компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл байгаль орчинд ээлтэй, аль болох бохирдол багатай, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхад голчлон анхаарч байна. 
 
-“Женерал Электрик” компани жилд хэчнээн тэрбум ам.долларын борлуулалт хийдэг вэ?
 
-Жилд 150 орчим тэрбум ам.долларын орлого бүрддэг. Үүний 60 хувь нь тоног төхөөрөмжийн орлого бол үлдсэн 40 хувь нь санхүүгийн үйлчилгээний орлого. Компанийн хувьд цаашид тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд зорьж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 150 улсын зах зээлд хүрч, “Женерал Электрик” үйл ажиллагаа явуулж байна. 
 
-Таны “Женерал Электрик” компанитай холбогдсон түүхийг сонирхож болох уу?
 
-Дэлхийн банкинд ажиллаж байгаад “Женерал Электрик” компанийн суурин төлөөлөгчийн газарт ажилтнаар орж байсан. Тухайн үед “Ньюком” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж Монгол Улсын анхны системд холбогдсон салхин цахилгаан станцын төсөл дээр амжилттай хамтран ажиллаж 50 МВт-ын чадалтай “Салхит”-ын цахилгаан станцыг 2013 онд ашиглалтанд оруулсан нь цэвэр эрчим хүч үйлдвэрлэж амжилттай ажиллаж байна.
 
-Танай компанийн тоног, төхөөрөмжийг хаана, хаана ашиглаж байна вэ? 
 
-Манай компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж “Оюутолгой”, Эрдэнэт үйлдвэрт ашиглагдаж байна. Мөн Улаанбаатар төмөр замд 1995 оноос төмөр замын зүтгүүрүүдээ нийлүүлж эхэлсэн бөгөөд хоёр Загал, ДАШ 7, Эволюшн зэрэг GE-ийн зүтгүүрүүд амжилттай ашиглагдаж олон сая тонн ачаа тээвэрлээд байна. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцээс гадна эрүүл мэндийн салбарт шаардлагатай дүрс оношилгооны аппарат тоног төхөөрөмж нийлүүлдэг. 
 
-Суурин төлөөлөгчийн газар хэчнээн ажилтантай вэ?
 
-Цомхон бүтэцтэй бөгөөд нийт найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
 
-Таны ажлын цаг өглөө хэдээс эхэлдэг вэ?
 
-Ажлын цаг маань өглөө нэлээн эрт 07.30-д эхэлдэг. Тухайн өдөр аль болох олон ажил амжуулахыг хичээнэ. Бизнесээ өргөжүүлэх үүднээс хэрэглэгч нартай уулзах, бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, хамтын ажиллагаа үүсгэх чиглэлээр уулзалт нэлээн хийнэ. Мөн төрийн бус байгууллага, бизнесийн чиглэлийг дэмжих байгууллагуудын уулзалт, арга хэмжээнд оролцох, дэмжиж ажиллахыг эрмэлздэг. 
 
-Улаанбаатар хотын худалдааны танхим ямар чиглэлд төвлөрөн ажиллаж байна вэ?
 
-Улаанбаатар хотын худалдааны танхим өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулагдсан. Энэ танхимд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөл багтдаг. Нийслэлд төр, хувийн хэвшлийн оролцоотой төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага асар их байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хоттой хамтарч хэрэгжүүлэх, гаднаас хөрөнгө оруулалт татахаар зорьж байгаа. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аас 2013 онд баталсан байгаа. 
 
Энэ төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд 2030 он хүртэл нийт 24 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байгаа. Үүнийг улсын төсвөөс гаргаад санхүүжүүлэх боломжгүй. Гаднын зээл, тусламж аваад ч үүгийг бүрдүүлэхэд хүндрэлтэй. Орон сууц, метро, томоохон үйлчилгээний  байгууллагад цогцоор нь бий болгоход дээрх хэмжээний хөрөнгө оруулалт шаарддагдах юм. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа. 
 
-Танхимын зүгээс бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад үйл ажиллагааны нэг хэсэг нь чиглэгдэж байгаа гэж ойлгож болох уу?
 
-Тийм ээ. Бизнесийн орчныг боловсронгуй болгох, хотод бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхээр зорилго тавин ажиллаж байгаа. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тав тухтай, аюулгүй аж төрөх, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж, бололцоог олгох асуудал чухлаар тавигдаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэд бие даасан Арбитрыг байгуулсан байгаа. Танхимын гишүүн аж ахуйн нэгж, гадаад дотоодын бусад байгууллага, иргэдийн эдийн засаг, бизнесийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх зорилгоор ажиллаж байна. Хөрөнгө оруулалт татах үндсэн орчныг хангаснаар эдийн засгийн нөхцөл байдал дээшлэх боломжтойг тэмдэглэн хэлье. 
 

Шинэ мэдээ