Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Ж.Од сонгогдлоо.

Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Ж.Од сонгогдлоо

www.mongolianeconomy.mn                                                                                                  2015/03/20

Улаанбаатар хотод бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар “Улаанбаатар хотын Худалдааны Танхим”-ыг өнөөдөр үүсгэн байгууллаа. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон компанийн захирлууд багагүй хугацаанд ярилцаж, хэлэлцсэний эцэст ийм танхим байгуулах шийдвэрт хүрчээ.

Танхим нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд хотын захиргаатай хамтран ажиллах төдийгүй Улаанбаатар хотыг бүс нутгийн санхүү, бизнесийн төв болгон хөгжүүлэх алсын харааг тодорхойлжээ.

Энэхүү хуралд 64 компанийн төлөөлөл оролцож, дүрэм журам, ерөнхийлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийг сонгож, баталсан юм. Төлөөлөгчдөөс М-Си-Эс, Шунхлай, Ард санхүүгийн нэгдэл, Голомт банк, Ньюком, Жигүүр гранд зэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийг баталсан бол Удирдах зөвлөлийн гишүүд М-Си-Эс Группын Ерөнхийлөгч Ж.Одыг Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгосон.

Дэлхийн томоохон хотууд аж ахуйн нэгжүүдээ нэгтгэсэн Худалдааны танхимтай байдаг. Хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй татвар төлөгч компаниудаа бодлогоор дэмжин тэдний дуу хоолойг сонсч хамтран ажиллах журмаар шийдвэр гаргаж ажилладаг туршлага бий. Нийслэлд амьдарч ажиллаж буй хүмүүс, миний хувьд ч тэр Улаанбаатар хотоо хүн амьдрах, тухтай, мөн бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн, цэвэр цэмцгэр сайхан хот байхыг хүсэж мөрөөддөг. Тиймээс бизнес эрхлэгчдийнхээ санаачилгаар үүсгэн байгуулж буй Танхимын үндэс суурийг зөв, баттай тавихад бизнесийнхэнтэй, нийслэлийн удирдлагуудтай нэгдэн нийлж, хамтран ажиллах болно” гэж Танхимын ерөнхийлөгч Ж.Од хэлсэн юм.

Дүрмийн дагуу Танхимын ерөнхийлөгчийг хоёр жилийн хугацаатай томилох бөгөөд хоёр удаа улиран сонгох эрхтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийг 15 гишүүнтэй байхаар зааж, өдөр тутмын ажлыг гүйцэтгэх ажлын байгуулах юм байна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын Худалдааны Танхим юугаараа ялгаатай вэ гэсэн асуултыг олон хүн сонирхож байсан. Улаанбаатар хотын танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батсайхан “МҮХАҮТ бол том, жижиг олон компаниудыг нэгтгэсэн үндэсний хэмжээий байгууллага. Мөн орон нутгийн салбаруудаараа дамжуулан өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Харин манай Танхимын хувьд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхэлэгчдийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Мөн мэргэжлийн холбоод, МҮХАҮТ-тай хамтарч ажиллах болно” гэлээ.

Дэлхийн хамгийн анхны Хотын худалдааны танхим 1599 онд Францын Марсель хотод байгуулагдаж байсан бол үүнээс хойш 65 жилийн дараа албан ёсны худалдааны танхим Бельгийн нэгэн хотод байгуулагдаж байсан түүхтэй аж. Худалдааны танхим нь Засгийн газрын шийдвэр тушаалаар хөдөлдөг, харьяа байгууллага биш бөгөөд хууль, дүрэм журам батлах эрхгүй. Харин бизнесийнхнийг төлөөлдөг хамгийн том төрийн бус байгууллага. Бизнесийн орчинд ээлтэй хууль тогтоомж, зохицуулалтыг бий болгоход дуу хоолойгоо хүргэдэг, бодлого тодохройлогчидтой хамтрарч ажилладаг хувийн хэвшлийн ашгийн бус том төлөөлөл юм.

Тус хурлын үеэр Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин “Улс орны, нийслэлийн хөгжлийг хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж дэмжин хөгжүүлэх нь тодорхой билээ. Тиймээс Нийслэлийн захиргааны зүгээс хамтарч ажиллах саналыг сайшаан хүлээн авч байгаа. Улаанбаатар хотыг бүс нутгийн санхүү, эдийн засгийн төв болгох төлөвлөгөө бий. Нэг зорилгын дор хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан.

Хотын Танхимыг үүсгэн байгуулах хуралд Америк, Япон зэрэг гадаад орны төлөөллийг урьж оролцуулсан нь Улаанбаатар хотыг ирээдүйд олон улсын санхүүгийн төв болгох алсын хараатай холбоотой талаар зохион байгуулагчдын зүгээс тайлбарлаж байв. Гишүүнчлэлийн хувьд нээлттэй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх компани бидэнтэй нэгдэж хамтарч ажиллахыг үүсгэн байгуулагчдын нэг Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг онцолсон юм. Ингээд Улаанбаатар хотын Худалдааны Танхим байгуулсан талаар үүсгэн байгуулагч зарим компаний төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо.

 

П.Батсайхан: /Шунхлай” группын Ерөнхийлөгч/:

-Улаанбаатар хотын Худалдааны Танхимыг үүсгэн байгуулах анхны хуралдаанаа хийлээ. Ер нь хийх ёстой ажлын нэг. Санал санаачилга гаргаж зохион байгуулж байгаа хүмүүст баяр хүргэмээр байна. Учир нь Улаанбаатар хот бол Монголын эдийн засгийн томоохон төв цэг. Энэ цэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг, хөрөнгө оруулалтыг хамгаалах зохицуулах хэрэгтэй. Мөн НЗДТГ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Цаашид хотын хөгжилд багагүй хувь нэмэр оруулах Худалдааны танхим үйл ажиллагаа эхэллээ гэж ойлгож байна. Өнөөдөр ирсэн 64 компаниас гадна дүрэм журамтай танилцаад гишүүн болох компаниуд бол нээлттэй. Дэмжиж, хамтрарч ажиллах болно.

 

Ч.Ганхуяг: /Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал/:

-Нийслэл маань Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадны хөрөнгө оруулалттай компаниудын оффис Улаанбаатар хотод л байдаг. Улсын бүх салбарын гол ажлууд нийслэлд л явж байна. Хүн амын олонхи нь энэ л хотод суурьшин амьдарч байна. Тэгэхээр бизнес, эдийн засгийн өрсөлдөх чадварыг Улаанбаатар хот бий болгож, хөгжүүлье гэсэн зорилготой бизнесмэнүүдийн үүсгэн байгуулсан танхим цаашид үйл ажиллагаагаа эрчимтэй явуулна. Мөн ирээдүйд Ази, бүс нутагтаа Улаанбаатар хотыг санхүү, бизнесийн төв болгох алсын хараатай ажлаа уялдуулж ажиллана.

Н.Сүрэнбаатар /”Нью жуулчин турс компанийн Бизнес хөгжлийн газрын захирал”/:

Шинэлэг аргаар улс орноо хөгжүүлэх санаачлилга гэж харж байна. Хувийн хэвшлийн хөгжлийн хөгжлийг дэмжих өөрсдийн дуу хоолойг нэгтгэн нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү танхимыг байгуулж байгаа нь хотын хөгжил болоод бизнесийн салбарын олон асуудлыг шийднэ гэдэгт игтэлтэй байна. 

Шинэ мэдээ