Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгчөөр Ж.Од ажиллана

Эдийн засгийн өсөлт саарч, хүндрэл сүүлийн хоёр жилийн турш үргэлжилсээр байгаа билээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан энэ үед Монголчууд өөрсдөө бүтээгч, үйлдвэрлэгч болох зайлшгүй шаардлага тулгарсаар л...
Харамсалтай нь баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчдийн эрүүл орчин, шударга өрсөлдөөн  дутагдсаар, бид ярьсаар л буй.
Монголчууд баялаг бүтээгч, татвар төлөгчдөө авлигын эзэн, шударга бусаар хөлжигч зэргээр нүд үзүүрлэсээр ирсэн.
Тиймээс олон жил дуугүй явсан гэгдэх ЖИНХЭНЭ бизнес эрхлэгчид нэгдэж УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫГ байгууллаа. 
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нийт 64 компани энэхүү танхимд нэгдэж байгаа бөгөөд дийлэнх нь Монгол Улсын Шилдэг татвар төлөгчдөөс бүрдэж байна.
Энэхүү  танхимын  ТУЗ-д МСS, UFC, Шунхлай, Ард санхүүгийн нэгдэл, Голомт банк, Ньюком, Жигүүр гранд, Номин холдинг зэрэг компанийн төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд МСS группын Ерөнхийлөгч Ж.Одыг Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгчөөр 100%-н саналаар сонголоо.
 
“Нийслэлд амьдарч ажиллаж буй хүмүүс, миний хувьд ч Улаанбаатар хотоо хүн амьдрах тухтай, мөн бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн, цэвэр цэмцгэр сайхан хот байхыг хүсдэг мөрөөддөг. Тиймээс бизнес эрхлэгчдийнхээ санаачилгаар үүсгэн байгуулж буй Танхимын үндэс суурийг зөв, баттай тавихад бизнесийнхэнтэй, Нийслэлийн удирдлагуудтай нэгдэн нийлж, хамтран ажиллах болно” гэж  Танхимын Ерөнхийлөгч Ж.Од хэллээ.
Энэ танхимыг байгуулах сэдэл санаачилга хагас жилийн өмнөөс гарч өчигдөр бодит биеллээ олж байгуулагдсан нь энэ аж.
Манай улсад Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэж байдаг бөгөөд энэ байгууллагыг улс орон даяарх нийтлэг эрх ашгийн төлөө байгууллага гэж үзэж байгаа бөгөөд өчигдөр байгуулагдсан танхим нь зөвхөн НИЙСЛЭЛ хотод бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж цаашлаад Улаанбаатарыг дэлхийн хөгжингүй орнуудын жишигт хүрэхүйц бизнесийн бүс болгох зорилго өвөртөлжээ. 
Энэ талаар ТУЗ-ийн гишүүн Ч.Ганхуяг "Хотын Танхим бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний нэгдсэн дуу хоолой болохоос гадна Монгол Улсын нийслэлийг бизнест ээлтэй, амьдрахад таатай хот болоход хотын удирдлагатай хамтран ажиллаж, хотын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгыг дэвшүүллээ" гэсэн юм. 
Дэлхийн том хотуудад аж ахуйн нэгжүүдээ нэгтгэсэн Худалдааны танхимтай байдаг олон жишээ бий бөгөөд хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй татвар төлөгч компаниудаа бодлогоор дэмжин тэдний дуу хоолойг сонсч хамтран ажиллах журмаар шийдвэр гаргаж ажилладаг.
Шинээр байгуулагдсан Нийслэлийн Танхим ч яг л энэ жишгээр ажиллана гэдгээ илэрхийлж байна.  

 

Шинэ мэдээ