“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалт “Хөгжлийн төлөө түншлэл” уриан дор болно

Улаанбаатар хотын Худалдааны Танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг “Хөгжлийн төлөө түншлэл” уриан дор 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулна. Тус бизнес чуулга уулзалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од, танхимын Гүйцэтгэх захирал О.Амартүвшин нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од “Иргэний нийгмийн дуу хоолой гэхээр улс төрчид эсвэл олон нийтийн байгууллагуудын дуу хоолой байдгаас өдөр тутам бизнесийн үйл ажиллагаа явуулж, ажлын байруудыг бий болгон татвараа төлж бауй нийгмийн баялаг бүтээгчдийн дуу хоолой ерөөсөө сонсогддоггүй. Тиймээс тэднийг нэгтгэж ажиллахаар энэхүү танхимыг байгуулсан” гэлээ. Тус танхим нь “Улаанбаатар хотыг хүн амьдрахад тав тухтай, хөрөнгө оруулахад таатай ямар нөхцөл бололцоо байж болох вэ гэдэг дээр төр, нийслэлийн удирдлагатай нягт хамтран ажиллаж, дуу хоолойгоо өргөх, гишүүн байгууллагуудынхаа нэгдмэл эрх ашгийг хамгаалах зорилготой” бөгөөд зорилгоо хэрэгжүүлэх анхны арга хэмжээ энэ чуулган болно гэдгийг тодотголоо.
Чуулга уулзалтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотын амьдралд нэгэн чухал үйл явдал болсон. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 67 томоохон компани нэгдэж Улаанбаатар хотын Худалдааны танхимыг байгуулсан байна. Энэ бол нийслэл хотын хөгжилд чухал үүрэгтэй үйл явдал болж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн төлөөлөл болж ажиллахад бэлэн зохион байгуулалт руу шилжсэн нь маш чухал. Энэ удаагийн бизнес уулзалтын үеэр 2015 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой үзэсгэлэн гаргах бололцоог танхим бидэнд олгож байгаа. Нөгөөтэйгүүр нийслэл бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр харилцан санал солилцон, нэг ойлголтонд хүрэх гэж байгаад таатай байна” гэдгийг онцлон хэллээ.
Чуулга уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд 1000 орчим төлөөлөгч оролцоно.

 

Шинэ мэдээ