Улаанбаатар хотын Худалдааны Танхим байгуулагдлаа

Төрөлх нийслэлээ амьдрах таатай орчин, амьсгалах цэвэр агаартай жинхэнэ Азийн цагаан дагина болгох үйлст Нийслэлийн засаг захиргаатай хамтран ажиллах, “Төрийн хувийн хэвшлийн түншлэл”-ийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх үйлст хувийн хэвшлийнхнийг манлайлан зохион байгуулах зорилготой “Улаанбаатар хотын (нийслэлийн ) худалдааны танхим”  байгуулагдсаныг мэдээлж байгаадаа баяртай байна.
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн сайхан Монгол үг бий.Улаанбаатарын бизнес эрхлэгчдийн цөөнгүй нь хувийн компаниа тодорхой түвшинд, зарим нь бүр олон улсын түвшинд хүргэн хөгжүүлж чадлаа, одоо Нийслэлээ хөгжүүлэх үйлст авьяас чадвар, хүч хөрөнгөө нэгтгэе гэсэн эрмэлзлэл Танхимын үүсгэн байгуулагчдыг нэгтгэж байгаа билээ.
Бидний төрөлх Нийслэл хот үнэхээр баян, Нийслэлийн өмчид 2 их наяд орчим төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байгаа гэсэн мэдээлэл бий. Ийм баян хот үнэхээр тансаг сайхан, амьдрахад таатай байх нь зүйн хэрэг.Улс төрийн оролцоог аль болох багасгаж, төр хувийн хэвшлийн зүй зохистой, үр ашигтай хамтын ажиллагааг дэмжин хэвшүүлснээр нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. 
Нийслэлийн засаг захиргаа, Хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлээ хөгжүүлэх үйлст хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах талаар ихээхэн идэвхи санаачлага гарган ажиллаж байгаа нь энэхүү Танхимыг байгуулахад томоохон түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй. Улаанбаатар хотын Танхим нь:
Нийслэл Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт болон бизнесийн эрхзүй, хяналт зохицуулалт, татварын таатай орчинг бүрдүүлэх, түүний тогтвортой байдлыг хадгалах;
Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг хотын хөгжлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зохион байгуулан оролцуулах;
Дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төр засгийн шийдвэрийн төсөлд санал өгөх, зарим шийдвэрийн үндэслэлийг боловсруулах,  хувийн хэвшлийн санал бодлыг хүргүүлэх зэргээр бодлого боловсруулах ажиллагаанд идэвхитэй оролцох;
Улмаар Нийслэл хотоо хөрөнгө оруулалт, бизнесийн орчны хувьд  олон улсад өрсөлдөх чадвартай болгох, улмаар Зүүн Хойд Азийн бүсийн бизнес, санхүүгийн төв болгох том зорилгыг хэрэгжүүлэх талаар санаачлага гарган, өргөн хүрээтэй сурталчилгаа явуулах гэсэн үндсэн зорилгыг дэвшүүлсэн. 
Дээр дурьдсан чиглэлээр мэргэжлийн холбоод, Улаанбаатар хотын удирдлага, гадаад дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй бүх талаар хамтран ажиллах болно.
Тус Зөвлөлийг Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томооохон банх, бизнес хөрөнгө оруулалтын томоохон групп, компаниуд үүсгэн байгуулж, 15 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвөвлийг сонгосн бөгөөд Удирдах зөвлөлөөс МCS группын  Ерөнхийлөгч Ж.Одыг Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвөлийн даргаар сонголоо.
Энэхүү зөвлөлд МБҮА-ын удирдах зөвлөлийн Жигүүр гранд групп ХХК, Цаст констракшин ХХК, Заг констракшин ХХК тус тус Удирдах зөвлөлд сонгогдсон. 
Улаанбаатар хотод бизнес эрхлэн, идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хэн бүхэнд Танхимын үүд хаалга нээлттэй байх болно.
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчид Та бүхэн төрөлх Нийслэлээ хөгжүүлэх сайхан үйлст бидэнтэй нэгдэж, үр хойчдоо цэцэглэн хөгжсөн сайхан хотыг өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

 

Шинэ мэдээ