“ИХ 20”-ийн Засгийн газруудын өр 13 их наяд ам.доллараар нэмэгдэхээр байна

Татварын орлого тасарч, төсвийн зардал өссөнөөр энэ онд “Их 20”-ийн Засгийн газруудын өр 13 их наяд ам.доллароор нэмэгдэхээр байна. Хөгжингүй орнуудад энэ зээл нь ирэх жилүүдэд өрийн дарамт болж эргэн мэдрэгдэнэ.

Харин зээл авах боломжгүй хөгжиж буй орнууд улам хүнд сорилттой тулж байна. Энэ оны эцэс гэхэд “Их 20”-ийн Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 99.3 хувьд тулна гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн, өрийн харьцаа бүтэн 18 хувиар өсөхөөр байгаа аж.

Өмнөх санхүүгийн хямралын үед энэ харьцаа 10 хувиар л өөрчлөгдөж байлаа. Үүний дээр төсвийн бодлого байгаа онохгүй, эсвэл цар тахлын дараагийн давлагаа дэгдсэн тохиолдолд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 104 хувьд хүрнэ гэжээ. Харин хөгжиж буй орнуудын тухайд гадаад санхүүжилтээс хамааралтай тул хангалттай зээл авч чадах эсэх нь эргэлзээтэй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ өмнөх оны 50.9 хувиас 59.2 хувь хүртэл өсөхөөр байгаа аж. Хэдий тийм боловч шаардлагатай арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх хөрөнгө дутмаг тул эдийн засагт илүү жинтэй хохирол учруулах төлөвтэйг анхааруулжээ. Муугаар бодвол аж ахуйн нэгжүүд ар араасаа дампуурч, ажилгүйдэл огцом өссөн тохиолдолд сүүлийн 5-10 жилд гарсан ахицыг үгүй хийх аюултай.

Хөл хорионы улмаас эдийн засаг царцаж, мөнгөний эргэлт удааширсан тул улс орнууд эдийн засгаа аажмаар нээх шахалттай тулгараад байна. Хэдий тийм боловч “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын олонх нь "Өрийн хэмжээг өсгөлгүй, тааз тогтоохын тулд аль болох хоёр дахь давлагаа дэгдэх эрсдэлийг багасгаж, хөл хориог удаан үргэлжлүүлэх хэрэгтэй" гэж дүгнэжээ.

Шинэ мэдээ