1072 хувьцааны ногдол ашиг амилах цаг ойртлоо

  • “Эрдэнэс Тавантолгой” компани нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав 
  • Олон улсад нүүрсний компаниудын ногдол ашгийн хэмжээ 2018, 2019 онд эрс нэмэгдлээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд жил ирэх тусам ногдол ашиг хуваарилах нь нэмэгдэж байна. Зах зээлд ноёрхсон урьдын хуучинсаг хандлага өөрчлөгдөж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, тэдний саналын эрхийг хүндэтгэн үздэг болж эхэллээ.

Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хөрөнгийн зах зээлийн үр шимийг хүртэх, хүлээх нь тэр хэрээр нэмэгдэж байна. Тухайн компанийн ил тод, нээлттэй байдал, сайн засаглалын хэмжүүр нь ногдол ашиг.

Өөрөөр хэлбэл, ногдол ашиг хуваарилж байгаа эсэх нь тухайн компанийг үнэлэх чухал шалгуурт тооцогдож байна. Олон улсад нүүрсний компаниудын ногдол ашгийн хэмжээ 2018, 2019 онд эрс нэмэгдлээ. Монголд ч ялгаагүй нүүрс олборлож, экспорт хийж буй компаниудын хувьд ашиг, орлогын хэмжээ өндөр жилүүд өнгөрсөн хугацаанд тохиов.

Дэлхийн нүүрсний зах зээлийн тэргүүлэгч Coal India Limited, Anglo American, BHP Billiton Limited тэргүүтэй компаниуд өрсөлдөөнийг түүчээлэн манлайлж байна. Тухайлбал, Coal India Limited компани гэхэд сүүлийн таван жил тасралтгүй ногдол ашиг тарааж, зах зээлийг өнгөлөх болов. Манай улсын хувьд авч үзвэл, 2019 онд хамгийн өндөр дүн­тэй борлуулалтыг “Эрдэнэс Таван тол­гой” компани хийгээд байна.

Тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Улсад 660 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн бөгөөд цэвэр ашгийн хэмжээ нь нэг их наяд төгрөгт хүрсэн байна. Экспортыг авч үзвэл, 14.3 сая тонныг давжээ. Өнгөрсөн онд 16.1 сая тонн нүүрс олборлосон нь 2018 онтой харьцуулахад таван сая тонноор давуулсан үзүүлэлт юм.

Тэт­гэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай УИХ-­ын шийдвэртэй зэрэгцээд 2012 оноос хойш нийгэмд хүлээлт үүсгэсэн 1072 хувьцааны ногдол ашиг олон нийтийн ярианы сэдэв дахин болов. Баялгийн шударга бус хуваарилалтыг засаж, залруулах хамгийн боломжит хувилбар нь хөрөнгийн зах зээл гэж үздэг.

Энэ утгаараа өнөөдрийн эрх баригч МАН иргэн болгонд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлж, хувьцааны ногдол ашгаар дам­жуулан монгол хүн эх орныхоо баялгийн эзэн байх болно гэж томьёолж байв.

Тэгвэл УИХ­ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн оны 12 дугаар сард хуралдаж, 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах чиглэл гаргаж, үүнийг Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой”­н Төлөөлөн удирдах зөвлөл хангаж ажиллах үүрэг өгсөн билээ. 

Цэвэр ашиг нь нэг их наяд төгрөгт хүрсэн “Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилах эсэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл эцэслэн шийднэ. Саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу ирэх дөрөвдүгээр сард болох бөгөөд энэ үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны шийдвэр хэрхэх нь шийдэгдэх юм. 

Олон улсын хөрөнгийн зах зээлээс хамгийн багадаа нэг тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” бэлтгэлээ базааж байна. УИХ-­ын сонгуулийн өмнө IPO гаргах нь хэр амжилт олохыг хэлж мэдэхгүй юм. Өмнө нь тус компанийн хоёр ч удаагийн оролдлого дотоодын улс төрийн эрсдэлээс болж амжилтгүй болсон билээ. 

Нүүрсний үнэ ханш зах зээлд тогтвортой, өндөр байснаар 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрөө тус компани бүрэн төлж, дуусгасан. Үүнээс гадна 2018 онтой харьцуулахад компанийн цэвэр ашгийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэг их наядын ашигтай ажиллав. Нэг их наяд нь энэ оны улсын нэгдсэн төсөвт зэсийн баяжмалаас төвлөрөх орлоготой дүйцэж байгаа юм. 

Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажилд эхний ээлжид 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Мөн компанийн нийт ажилтны цалинг 45 хувиар нэмэгдүүлжээ. Ногдол ашиг хуваарилах талаар тус компани 2018 оноос хойш мэдэгдэж, нэрийн дансаа баталгаажуулах, дансаа нээлгэх талаар зөвлөж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгаа аймаг, нийслэлд цөөнгүй удаа зохион байгуулсан билээ.

Хэдий тийм боловч өнөөдрийг хүртэл иргэд гар дээрээ эзэмшиж буй хувьцааныхаа ногдол ашиг гэж нэг ч төгрөг хүртэж чадаагүй, хүлээж, найдсан хэвээр байна. Тус компанийн хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэн байгаагаас 1.7 сая нь бүртгэлтэй буюу нэрийн данс нээлгэжээ. Үлдсэн нь бүртгэлгүй хэвээр байна.

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар “Холбоо зохион байгуулалтад орж энэ оны зургаадугаар сард 25 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг цуглуулж, УИХ-­ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Энэ хурал 12 дугаар сарын 10­-нд болж, “Эрдэнэс Тавантолгой” компанийг ногдол ашиг өг гэдэг шийдвэр гаргалаа.

Тодруулбал, УИХ 1072 хувьцаанд ногдол ашиг өгөх боломжийг олголоо” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос, төмөр замын бүтээн байгуулалт руу оруулсан хөрөнгө оруулалт үр ашигтай болж чадсан эсэх, ажлынх нь чанар ямар байгааг тайлагна гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн.

Мөн 2019 оны ашгаас хэр хэмжээний ногдол ашгийг иргэдэд олгохыг судалж, шийдвэрлэ гэдэг үүрэг өгсөн. 1072 хувьцаа эзэмшигчид өнөөдрийг хүртэл саналын эрхгүй бөгөөд саналын эрхтэй болсноор ногдол ашгаа шаардах эрх нь үүсэх юм. Ногдол ашгийг хувьцаа хэлбэрээр хуваарилах боломж бас байгаа аж. 

Шинэ мэдээ