Mi CC9 Pro загварын ухаалаг утас 4 камертай


 

Хамгийн хямд үнээр хамгийн өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажилладаг Xiaomi компани өчигдөр Mi CC9 Pro загварын ухаалаг гар утсаа Хятадын зах зээлд худалдаалж эхэлжээ.

 Уг бүтээгдэхүүний гол онцлог нь 108 мегапиксел камертай боловч $400 орчим үнэтэй юм. Mi CC9 Pro нь ар талдаа таван камертай. Үндсэн камер нь 108 мегапиксел мэдрэгчтэй бол хоёр дахь камер нь 20 мегапикселийн хэт өргөн өнцгийнх (ultra wide), харин гурав дахь нь 8 мегапикселийн 5x оптик таталттай (optic zoom) телефото камер ажээ.

Дөрөв дэх нь гол объектыг арын хэсгээс тодруулан ялгах (portrait) үүрэгтэй 12 мегапикселийн камер. Харин тав дахь нь 2 мегапиксел багтаамжтай макро төрлийн камер ажээ.

Нүүрэнд байрлах камер нь 32 мегапиксел багтаамжтай.

Бусад үзүүлэлтүүдийн хувьд мөн нэлээд өндөр бөгөөд 6.47 инчийн AMOLED дэлгэц, 8GB шуурхай санах ой, 256GB санах байгууламж, 5,260 mAh багтаамжтай батарейг агуулжээ. 30W-ын түргэн цэнэглэх технологитой.

Харин ганц хойш татаж буй үзүүлэлт нь Qualcomm компанийн дундаж чадлын Snapdragon 730G процессор юм.

Хамгийн энгийн загвар нь 2,799 юань ($400) үнэтэй бол дундаж нь 3,099 юань ($443), Premium Edition нь 3,499 юаний ($500) үнэтэй худалдаанд гарчээ.

Mi CC9 Pro нь зөвхөн Хятадын зах зээлд зориулагдсан бүтээгдэхүүн гэнэ. Өнөөдөр Испанийн Мадрид хотод Xiaomi компани Mi Note 10 загвараа танилцуулах бөгөөд энэ нь Mi CC9 Pro загвартай ойролцоо үзүүлэлттэй байх магадлалтай байна.

 

Эх сурвалж: Mashable

Шинэ мэдээ