“Entrée Resources” Нью-Йоркийн Хөрөнгийн биржээр хувьцаа арилжихаа зогсооно

Оюутолгой ордын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг эзэмшдэг “Entrée Resources” компани Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй энгийн хувьцааны арилжааг зогсоох шийдвэрээ зарлалаа.

Бүртгэлээс үнэт цаасыг хасах албан хүсэлтийг есдүгээр сарын 20-нд гаргахаар төлөвлөсөн байна. Ингэснээр бирж дэх сүүлчийн арилжаа есдүгээр сарын 30-наар өндөрлөх юм. Тус компани Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн шаардлагыг хангалгүй анхааруулга аваад байсан аж. Нөхцөл байдлыг судалсны дүнд тус компанийн Удирдах зөвлөл сайн дураар биржийн бүртгэлээ цуцлах шийдвэр гаргажээ. “Entrée Resources”-ийн нөхцөлд илүү тохиромжтой АНУ дахь Хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжихаар хүсэлт гаргасан гэж мэдээлээд байна.

Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дэх арилжаа зогсож байгаа ч Торонтогийн бирж дэх арилжаа хэвийн үргэлжилнэ. 2019 он гарснаас хойш хувьцааны ханш нь хоёр дахин шахам суларсан бөгөөд нэгж хувьцааны үнэлгээ нь 30 канад цент орчимд байна.

“Rio Tinto”, “Turquoise Hill Resources” компани “Entrée Resources”-ийн нийт 17 хувийг эзэмшдэг гол хувьцаа эзэмшигчид юм.

Шинэ мэдээ