Арилжигдаагүй үнэт цаасыг бүртгэлээс хасч, ББСБ-ын зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар, “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг шинэчлэн баталсан байна. Уг журмаар үнэт цаасны компанид дампуурлын хэрэг үүссэн, татан буулгаж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд харилцагчийн эрх ашгийг хамгаалах харилцааг зохицуулдаг юм.

Мөн өчигдрийн хуралдаанаар “МИК ОССК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 10 багцын нийт 88.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 886,639 ширхэг арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн, “Райнос эссет менежмент монгол ҮЦК” ХК-ийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг бүртгэж, “Сикап ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулжээ. Мөн “Ард секьюритиз ҮЦК” ХХК оноосон нэрээсээ “ь”-ийг хасах хүсэлт ирүүлснийг зөвшөөрч, “Ард секюритиз ҮЦК” ХХК болгон, шинэчилж бүртгэхээр болов.

Холбогдох хууль, журмын нөхцөл шаардлагыг хангасан “Дэвжих нэхий ББСБ” ХХК, “Дарь финанс ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж, “Эн Вай Эн” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байна. “Андын сор” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Эдванс кредит ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн, “Эмдаблви кредит ББСБ” ХХК-ийнхыг хүчингүй болгов.