Рио Тинто өнгөрсөн онд хамгийн их татварыг Австралийн Засгийн газарт төлжээ

Рио Тинто групп “Бидний татвар: Эдийн засагт оруулсан хувь нэмэр 2018” тайланг цахим хуудсандаа нийтэлжээ.

2018 онд тус групп нийт 6.6 тэрбум америк долларыг татвар, АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-т төлсөн байна. Ингэснээр Засгийн газрууд олон нийтэд хүргэдэг боловсрол, эрүүл мэндийн гэх мэт үйлчилгээгээ үзүүлж, хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлсэн гэж тус тайланд дурджээ.     

Тус групп манай улсад нийт 8.7 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Дэлхийн уул уурхайн салбарын томоохон компаниудын нэг болох Рио Тинто өнгөрсөн онд хамгийн их татварыг Австралийн Засгийн газарт төлсөн нь 4.8 тэрбум ам.доллар юм. Мөн үйл ажиллагаа явуулдаг улсуудадаа нийт 42.8 тэрбум америк долларын татвар, хандив, төлбөр, хураамж төлжээ.    

2010 оноос хойш нийт 63 тэрбум америк долларын татвар, АМНАТ-ыг дэлхийн улсуудад төлсөн аж. Үүний 70 хувь буюу 46 тэрбум америк доллар эрдэс баялгийн арвин их нөөцтэй Австралид ногдож байна.

Рио Тинто 2010 оноос хойш “Бидний төлсөн татвар: Эдийн засагт оруулсан хувь нэмэр” тайланг жил бүр гаргаж байгаа бөгөөд компанийн ил тод байдлыг хангаж, хөрөнгө оруулагчид төдийгүй олон нийтэд ямар хувь нэмэр оруулснаа мэдээлэх зорилготой аж.

Энэ тайлангийн наймдугаар нүүрт “Оюутолгой” компанийн татвар хураамжийг мэдээлжээ. Энэ төсөлд Рио Тинто группийн 2886 хүн ажилладаг юм байна.  

Дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг болох “Оюутолгой”

  • 2018 онд 308 сая америк долларын татвар, АМНАТ,                  
  • 2010 оноос хойш нийт 2.3 тэрбум америк долларын татвар, АМНАТ төлсөн байна.

308 сая ам.долларын татварыг задалбал:

  • 149 сая ам.долларыг Засгийн газарт, (үүний 66 сая ам.доллар нь АМНАТ. )
  • 159 сая ам.долларыг орон нутгийн засаг захиргаанд тус тус төлжээ.  

Мөн 2010-2018 оны хооронд 2.7 тэрбум америк долларыг ханган нийлүүлэгчдэд төлж, энэ хугацаанд нийт 8.7 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гэвч 337 сая ам.долларын үндсэн алдагдал хүлээсэн талаар ч мэдээлсэн байна.  

Манай улсын хувьд “Оюутолгой” компани орон нутгийн хөгжилд зориулан “Говийн Оюу” санд жил бүр 5 сая ам.доллар хандивладаг байна. 

Шинэ мэдээ