"Капитал" банкинд НД-ын сангийн 101 тэрбум төгрөгийн үлдэгдэл байсан

Монголбанкнаас өчигдөр "Капитал" банкийг татан буулгаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тус банкинд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө байсан тухай мэдээлэл бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

Тэрээр "Монголбанкны удирдлагуудтай ярилцсан. Эхний ээлжид иргэдийн хадгаламж, дараагийн ээлжинд Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Бид ойрын хугацаанд Монголбанкны эрх хүлээн авагчтай уулзаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ямар хугацаанд барагдуулах графикийн талаар ярилцана. Энэ санд эрсдэл үүснэ гэж ойлгож болохгүй. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн долоон тэрбум төгрөгийг 2015 онд тус банкинд байршуулсан. Үүнээс 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байсан. Намайг сайдаар томилогдож ирэхэд Нийгмийн даатгал сангийн 280 орчим тэрбум төгрөгийг "Капитал" банкинд байршуулсан байсан юм. Түүнээс хойш хөрөнгөө буцааж татах арга хэмжээ авч 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан" гэлээ.

Шинэ мэдээ