“Амазон”-ы үүсгэн байгуулагч Жефф Безос салалтынхаа төлбөрт хувьцааныхаа 25%-ийг өгчээ

Дэлхийн хамгийн баян эрхэм алдарт “Амазон” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос 25 жил ханилсан эхнэрээсээ өчигдөр /2019.04.04/ албан ёсоор гэрлэлтээ цуцлууллаа. Дөрвөн хүүхдийн эцэг эх нэгдүгээр сард салах болсноо олон нийтэд зарлаад байсан юм.

АНУ-д гэр бүл цуцлуулахад хөрөнгө хуваах маш нарийн гэрээг байгуулдаг ба тэдний гэрээ амжилттай хийгдэж эхнэр Маккензи Безос “Амазон” компанд нөхрийнхөө эзэмшдэг 16 хувиас 25 хувийг нь эзэмшихээр болжээ. Ингэснээр Жефф Безосын “Амазон”-ны хувьцаа 12 болж,  эхнэр нь тус компанид дөрвөн хувь эзэмших болж байгаа юм. “Амазон” компанийг үүсгэн байгуулахад түүний экс эхнэрийн оролцоо ч мөн багагүй байжээ. Фэйсбүүкийн Маркзукерберг, “Снап”-ийн Эван Спигел гэх мэтзахирлуудаас ялгаатай нь Амазон дахь Жефф Безосын ноёрхол хувьцааны өндрөөр бус хорин жилийн турш компанийг амжилттай чиглүүлж чадсан удирдагчийн чадвараар бий болсон юм. Тиймээс хувьцаа нь буурсан ч түүний Амазон дахь эрх мэдэл буурахгүй нь бараг тодорхой.

Тэд маш эв найрамдалтай салцгаасан бөгөөд Жефф өөрийн твиттер хуудаснаа Маккензиг “Гайхалтай эх хүн, гайхалтай хамтрагч. Бүхий л цаг хугацаанд дэмжиж байсанд баярлалаа” хэмээн бичсэн бол, Маккензи “Өнгөрсөн амьдралдаа харамсч байгаагүй. Ирээдүйгээ бүр ч гэгээлгээр харж байна” гэж бичсэн байна. Гэрээний дагуу тэд хүүхдүүдээ хамтран өсгөхөөр болжээ.

Үүнээс гадна Жефф Безосын эзэмшдэг “The Washington Post” сонин болон “Blue Origin” сансрын аяллын компани нь дөрвөн тэрбум ам.доллараар үнэлэгддэг бөгөөд Маккензи үүнээс хувь хүртээгүй байна. Маккензи Безосын хөрөнгө өчигдрийн байдлаар 35 тэрбум ам.доллар болж өсч, дэлхийн дөрөв дэх баян эмэгтэй болж байгаа бол Жефф Безосын хөрөнгө 150 тэрбум ам.доллар болж буурсан ч дэлхийн тэргүүн баян хэвээр үлдэж байна.

Шинэ мэдээ