5g технологийн нэвтрүүлэлтээр Хятадтай өрсөлдөхийн тулд АНУ хүчин чармайлтаа хоёр дахин өсгөх хэрэгтэй

Харилцаа холбооны шинэ үеийн технологи болох 5G-д шилжихэд бэлэн байдлаар дэлхийн улс орнуудыг АНУ, Хятад хоёр хол тасархай тэргүүлж байгааг сүүлд хийсэн судалгааны дүн харуулжээ.

Сүүлийн нэг жилийн дотор АНУ энэ салбарт эрчимтэй хөрөнгө оруулснаар Өмнөд Солонгосыг ардаа орхиж, Хятадтай ойртож ирснийг Analysys Mason байгууллагын судалгааны дүгнэлтэд өгүүлсэн байна.

Гэхдээ 5G технологийн нэвтрүүлэлтээр Хятадтай эн тэнцүү өрсөлдөхийн тулд АНУ одоогийн хүчин чармайлтаа хоёр дахин өсгөх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

5G технологи нь цаг хугацааны алдагдалгүй, асар өндөр хурдтай мэдээлэл солилцох боломж олгох тул жолоочгүй автомашин, алсын зайнаас эмчлэх зэрэг шинэ салбаруудад том боломж нээгдэх юм.

2019 онд АНУ-д 5G технологи нэвтрүүлэх нийт 92 төсөл хэрэгжихээр байгаа бол Хятадад хэдэн зуугаар хэмжигдэх том хэмжээний 5G төслүүд хэрэгжиж байгаа юм.

Саяхан хийсэн өөр нэг судалгаанд Хятадад 10,000 хүн ам тутамд 14 үүрэн холбооны станц ноогдож байгаа бол АНУ-д 4.7 станц ноогдож байгааг харуулжээ. Тиймээс 5G технологийг нэвтрүүлэхэд Хятад улсад дэд бүтцийн том давуу тал байгаа юм.

Хятад, АНУ-ын дараа шинэ үеийн технологид бэлэн байдлаар Өмнөд Солонгос, Япон, Их Британи, Итали улсууд удаалжээ.