Азийн хөгжлийн банк: 2020 онд инфляц 7.5 хувь руу бууна

Энэ онд эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжлэх хэдий ч ирэх онд бага зэрэг саарахыг Азийн хөгжлийн банкнаас танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн онд 6.9 хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ онд 6.7 хувь байх бол ирэх онд 6.3 хувь болох гэнэ. Ирэх онд эдийн засаг буурах шалтгаан нь хөрөнгө оруулалт буурахтай холбоотой байх аж. Тиймээс өнгөрсөн оны болон энэ оны өсөлтөөсөө хуримтлал бий болгож ирэх жилүүдэд төлөх өрөндөө бэлдэх хэрэгтэйг санууллаа.

Өнгөрсөн оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь энэ онд инфляц зорилтоос давж, 8.5 хувьд хүргэх төлөвтэй байна. Гэсэн ч эдгээр нөлөөллүүд нь 2020 онд буурч, инфляц 7.5 хувь руу буух нь. Энэ оны өсөлтийн гол хөдөлгөх хүч болох уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор тээврийн салбарын орлого сайжирна гэж харж байна.

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Деклан Магийгийн танилцуулснаар энэ онд хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхтэй холбоотойгоор төсөв ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарахаар байгаа юм байна. Энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хэрэглээний зээлийн хязгаарлалттай холбоотойгоор машины импорт буурна. Харин алтны экспорт нэмэгдэх гэнэ. Ингэснээр гадаад секторт эерэг үр дүн авч ирэхээр байгааг хэлэв. Түүнчлэн Дубайн гэрээг цуцлахтай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлэхдээ "2021 онд ашиглалтад орох Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг зогсоосноор Монгол Улсын татварын орлого буурна" гэсэн юм.

Шинэ мэдээ