Барилгын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 6000 гаруй компани байна

Монгол улсад барилгын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 6000 гаруй компани байдаг аж. Барилгын хөгжлийн төвөөс тодорхой шаардлагууд тавьж, тусгай зөвшөөрлийг цөөлөх ажлыг хийх тухай удаа дараа мэдэгдсэн. Үүнээс гадна тус салбарт ажиллах хүчний хомсдол, барилгын материалын үнэ ханш, орон сууцны борлуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал тэргүүтэй хэдэн асуудал байгаа юм. Шалтгааныг салбарынхан улирлын эрсдэлээс үүдэлтэй гэж тайлбарладаг. Энэ эрсдэлийг давж, салбар хүчирхэгжиж чадвал дээрх асуудлууд арилах гэнэ.

Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн онд Төсвийн тухай хуульд дэд бүтцийн салбарт нийт 200.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан. Үүнээс шинэ төсөл, арга хэмжээнд 186.8 тэрбум төгрөгийг нь хуваарилсан. Энэ оны тухайд Улсын төсвийн хөрөнгөөр 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт барилгын салбарт хийх юм байна.