"ӨВСНИЙ ҮНДЭС" буцалтгүй тусламжийг дөрвөн аймагт хэрэгжүүлнэ

-Япон улсын Засгийн газрын "ӨВСНИЙ ҮНДЭС" буцалтгүй тусламжийг дөрвөн аймагт хэрэгжүүлэхээр боллоо-

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл"-д гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. 

Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд дөрвөн аймагт дараах төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр Засаг дарга нартай гарын үсэг зурлаа. 

1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловролын 4-р бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн ажлын төсөл
2. Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн ажлын төсөл
3. Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р дунд сургуулийн дотуур байр болон насан туршийн боловсролын төвийн засварын төсөл
4. Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлгийн засварын төслийн гэрээнд тус тус гарын үсэг зурсан юм. 

Уг ёслолын үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Даймаагийн Батсайхан, Увс аймгийн засаг дарга Дайвийнямын Батсайхан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БОАЖ-ын сайд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцсон юм. 

Дээрх дөрвөн төслийн нийт дүн 310 мянга 598 ам.доллар буюу 796 сая 122 мянган төгрөг болж байгаа аж. 2018 оны Япон улсын санхүүгийн жилд (2018.04.01-2019.03.31)-нд "Өвсний үндэс" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй 19 төсөлд нийт дүн 1 сая 299 мянган ам.доллар буюу3 тэрбум 238 сая төгрөгийн тусламжийг үзүүлжээ. 

Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр" нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамгийн ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр шимийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.  

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 1990 ОНООС ХОЙШ МАНАЙ УЛСАД НИЙТ 542 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ

 

Монгол улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын дөрвөн аймгийн боловсрол болон эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах буцалтгүй тусламжийг эхлүүлэх гэж буйдаа таатай байна. Энэхүү төслийг оролцуулаад Японы засгийн газар 2018 оны санхүүгийн жилд Монгол улсад хийж байгаа 19 дэх төсөл болж байгаа бол 1990 оноос хойшхи 542 дахь төсөл гэдгийг дурдмаар байна.

Монгол улсад ажиллаж байгаа бусад улсын дипломат төлөөлөгчдөөс тус улсын сургууль, цэцэрлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцсан тоогоороо  би хэнд ч гүйцэгдэхээргүй болсон байх. (инээв) Учир нь миний бие “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын бүх аймагт зочилсон. Бид саяхан 10 ширхэг түргэн тусламжийн машиныг хандивлахын зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төвийн засварын ажлыг хийхээр болсон. Мөн “Өвсний үндэс” хөтөлбөрийн төсөв хүрэлцэхгүй болоход Монгол Улсын Засгийн газраас тодорхой хувийг гарган үргэлжлүүлэн хийхээр болсонд баяртай байна” хэмээсэн юм. 

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлсэн үгэндээ “Завхан аймгийн Баянхайрхан сумын эрүүл мэндийн төвийн засварын ажлыг санхүүжүүлэхээр энэ гэрээнд гарын үсэг зурлаа. Баянхайрхан сум нь нийслэлээс мянга гаруй, төвөөсөө 260 гаруй километр алслагдан оршдог. Дунджаар 1800 орчим хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг уг эмнэлгийн барилга 1989 онд баригдсан ч өнөөг хүртэл огт засвар хийгдээгүй байсан. Тиймээс иргэд тойргийн сумдын эмнэлгүүдэд очиж үйчлүүлэх хүндрэлтэй нөхцөл үүсээд байсан юм.

Энэ нөхцөл байдлыг өөрчлөх тухай бидний саналыг Японы ЭСЯ хүлээн авч нутгийн зон олонд минь үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. Бид ч мөн тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаж уг ажлыг хамтран хийнэ. Намар гэхэд манай Баянхайрхан сумын ард олон эрүүл мэндийн үйлчилгээг тавтай тухтай хүртэх боломж бүрдэх нь ээ. Цаашид та бүхэнтэй хамтран олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ баяртай байх болно. Дэлгэр зуны цагт Завхан аймагт морилон саатаарай" гэсэн юм. 

Шинэ мэдээ