Жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой 34383 ААН нэг хувийн татвар төлнө

УИХ ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг баталсан. Засгийн газраас уг хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар өргөн мэдүүлсэн ч төсөл санаачлагчид нь нэг удаа буцаасан.Улмаар хуулийн төслийг дахин сайжруулж өргөн бариад байсан ч намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй юм. Иймд ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ батлаад байгаа билээ.

Эл хуулиуд батлагдсантай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтэд мэдээлэл өгч байна. Тэрээр “2006 оноос хойш эдийн засаг бизнесийн харилцаа өргөжиж төрөлжиж эхэлсэн. Үүнийг дагаад нарийн харилцааг хуулиар зохицуулах шаардлага үүссэн. Үндэстэн дамнасан корпорациас бараа үйлчилгээ худалдаж авах, гэрээ хийхэд хуулийн зохицуулалт хэрэгтэй болсон л доо. Иймээс энэ бүхнийг зохицуулахаар Татварын багц хуулийг шинэчлэн найрууллаа. Жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгж 1 хувийн татвар төлөхөөр боллоо. Ийм аж ахуйн нэгж 34383 байна. Жилийн 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд хоёр удаа тайлангаа мэдүүлнэ. Үүнд 47867 аж ахуйн нэгж хамрагдана. 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж 10 хувийн татвараа төлөөд 90 хувиа буцааж авна. Жилдээ дөрвөн удаа тайлан гаргадаг байсныг бүгдийг нь хоёр болгож өөрчиллөө.

Гурван тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлогоос төлдөг татвар нь 10-25 хувь байсныг 6 тэрбум төгрөгөөс дээш болгосон. Ашигт малтмал газрын тосны салбараас бусад салбарт хоёрдагч зах зээлд нээлттэй арилжаа хийж байгаа аж ахуйн нэгжид 5 хувийн татвар ногдуулна. Арилжааны банкны гадаад дотоодын зах зээлээс татан төвлөрүүлсэн орлогыг буцаад гаргавал төлдөг байсан хүүг одоо зээлийн хүүн дээр нь давхар суутгадаг болж байна. Ингэснээр банкны зээлийн хүү буурна гэж үзэж байгаа юм.

Анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт үзүүлнэ. Ингэснээр ипотекийн зах зээлийг шинэчлэх, иргэдээ орон сууцтай болгоход чиглэж байна. Улаанбаатар хотоос 500 км алслагдсан газар бизнес эрхэлж байгаа бол татвараас 50 хувь, 1000 км бол татварын 90 хувиас чөлөөлнө. Үүнд 10 гаруй мянган иргэн хамрагдахаар байгаа. Ирүүлсэн татварын тайлан алдаатай байвал 3 хоногийн дотор эргэн мэдэгдэж, залруулах боломжийг бүрдүүлж байна” гэв.

Түүнчлэн уг хуулиудыг хэлэлцэж байхад татвар өвлүүлдэг болох нь гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өглөө.

Тэрээр “Одоо мөрдөгдөж байгаа Татварын хуульд татварын өртэй нас барсан хүний хөрөнгийг өвлөж авч байгаа этгээд өрийг нь төлнө гэсэн заалт бий. Тиймээс үүнийг тодорхой болгож, нас барсан хүний хөрөнгийг өвлөж авлаа ч тухайн өвлөгч өөрөө бизнестэй байсан бол түүнд нь халдахгүй гэсэн заалт оруулсан. Гадаадын иргэд татварын өрөө төлөөгүй хилээр гарах гэж байгаа бол тухайлбал, өрийн хэмжээ 20 саяд хүрсэн, эсвэл өр төлөх барьцаа хөрөнгө байхгүй бол ийм зохицуулалт хийхээр тусгасан” гэлээ.  

Татварын багц хуулийг дагаад 45 журам гарах аж. Журмыг холбогдох албаныхан боловсруулж эхэлсэн байна.

Шинэ мэдээ